ДУНДГОВЬ: Шинэ хаягжуулалтын асуудлаар шийдэлд хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-06 15:58:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдсанаас хойш Дундговь аймагт энэхүү асуудал цэгцрээгүй, хашаа, байшинууд дээр хуучин, шинэ гээд 2-3 хаяг хадаатай байжээ.


“Гэрэлтдэг ертөнц” ТББ, аймгийн ХХҮГ-ын санаачилгаар тус аймагт хэрэгжиж буй “Манлайлагч-50” хөтөлбөрийн залуучууд судалгаан хийсний үндсэн дээр хаягжуулалтын асуудлыг эрсдэл дагуулж байгааг тодорхойлж, аймгийн ЗДТГ, ГХБХБГ-тай хамтран холбогдох байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Энэ үеэр залуучууд “Манлайлагч-50” хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцуулж, ГХБХБГ-аас “Хаягжуулалтын тухай” хууль, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”, MNS 5283:2014 стандарт, Улсын бүртгэлийн хэлтсээс хаягжилтын мэдээллийн сан, шилжилт хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


2017-2018 онд Дундговь аймаг 15 сумын гудамж, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж, бүх сумыг хаягжлуулсан боловч хуучин хаяг хэвээрээ үлдэж, өнөөдрийг хүртэл цагдаа, онцгой байдал, түргэн тусламж зэрэг бүх үйлчилгээ хуучин хаягаараа явж иржээ.


“Манлайлагч-50” хөтөлбөрийн залуучуудын судалгаагаар шинэ хаягны талаарх ииргэдийн ойлголт тааруу, ач холбогдол, тайллыг ойлгоогүй, хуучин хаягаараа дуудлага өгдөг ба шинэ, хуучин хаягны хооронд төөрөгдөж, цаг алдах эрсдэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуучин хаягаараа байгаа учраас мэдээлэл зөрдөг, хаяггүй айлууд маш олон байгаа зэрэг асуудлууд гарсан байна.


Тиймээс ГХБХБГ, Сайнцагаан сумын ЗДТГ, 5 баг, “Манлайлагч-50” хөтөлбөрийн залуучуудтай хамтран гэр хорооллын бүх гудамжны хашаан дээрх хуучин хаягийг хуулж авсан нь ихээхэн бэрхшээлтэй тулгарч, цаашид энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ийнхүү ярилцсан аж.


Дуудлагаар үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хувьд шинэ хаягжилт бүхий кадастрын зураглал байхад мэдээллийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжтой гэсэн бол Улсын бүртгэлийн хэлтэс хаягийн мэдээллийн санд байгаа хуучин хаягийг шууд солих боломжгүй гэсэн юм. Гэхдээ шинээр баригдсан байшин, хашаа зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах тохиолдолд шинэ хаягжилтаар олгож байгааг танилцуулсан.


Цаашид энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдэд ойлголт өгөх, тайлбарлан таниулах хэрэгцээтэй байгааг ч оролцогчид онцолжээ. 


Холбоотой мэдээ