Нурсан барилгаас дөнгөж төрсөн нярайг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-02-08 09:45:02

ДАМАСК. /BBC/. Сирийн баруун хойд нутагт даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын нурангин доороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ.


Охины ээж газар хөдлөлт болсны дараахан амаржиж, хүүхдээ төрүүлээд өөд болсон гэж нэгэн хамаатан нь ярьжээ. Түүний аав, дөрвөн ах эгч, авга ах нь мөн амиа алдсан байна.


Жандарис хотын нэгэн барилгын нурангин доороос олдсон нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэжээ. Охины биеийн байдал тогтворжсон гэж уг эмнэлгийн эмч мэдээлсэн байна.


Охины гэр бүлийн амьдарч байсан байшин нь Жандарист 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан 50 орчим барилгын нэг юм. Сөрөг хүчний хяналтад байдаг тус хот нь Турктэй хил залгаа Идлиб мужид оршдог.


Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1800 даваад байгаа талаар Дамаскт төвтэй Засгийн газар болон “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага мэдээлсэн байна. “Цагаан дуулгатнууд”-ын сайн дурынхан сөрөг хүчний хяналтад байдаг газруудад тусламж үзүүлж байгаа аж.


Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эш татан AFP” агентлагаас мэдээлснээр, Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 7800 давжээ. Туркт 5894 хүн, Сирид 1932 хүн амь эрсэдсэн байна. 

Холбоотой мэдээ