БАЯН-ӨЛГИЙ: Номын санд очиж ном уншдаг хүмүүсийн тоогоор улсад тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-08 10:37:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээллээс харахад Баян-Өлгий аймаг номын сангийн байнгын уншигчдын тоогоор улсад тэргүүлж байна.


Тус аймаг нь 14 номын сантай. Эдгээр номын сангууд нь 380 суудалтай бөгөөд 116235 мянган ширхэг ном хадгалагдаж байна. Номын фондод байгаа нийт номын 70 хувь нь монгол, 20 орчим хувь нь казах, 10 гаруй хувь нь бусад хэлээр хэвлэгдсэн номууд аж.


Мөн 1000 хүнд ногдох номын сангийн суудлын тоогоор Баян-Өлгий аймаг улсад 19 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа ч 1000 хүнд ногдох номын сангийн уншигчдын тоо хамгийн өндөр буюу 185 байна. Энэ үзүүлэлтээр тус аймгийн дараа Дундговь /182/, Орхон /148/, Хөвсгөл /145/, Хэнтий /135/ аймаг орж байгаа.


2021 оны байдлаар аймгийн хэмжээнд номын сангийн уншигчдын тоо 20930 байна. Харин улсын дүн 191348 бөгөөд үүний 10,9 хувь нь дангаараа Баян-Өлгий аймагт ногдож байна.  

Холбоотой мэдээ