Л.Гантөмөр: АН хуваагддаггүй, олон ургальч, нээлттэй улс төрийн нам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-13 12:49:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, Эв нэгдлийн ажлын хэсгийн гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.


Хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр “Нийт иргэдийн 50 хувь нь улс орны ирээдүйд, 70 хувь нь ядуурлын нөхцөл байдалд  санаа зовж байна. Иймд АН хувийн хэвшлийг дэмжсэн, иргэдээ ядуурлаас гаргах бодлого, хөтөлбөр боловсруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулан ажиллуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд ядуурлыг бууруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд нэн тэргүүнд анхаарч ажиллана гэсэн үг. Хоёрдугаарт, сүүлийн 10 жилд Монголын эдийн засаг өссөнгүй. Тиймээс иргэдийн 50 хувь нь улс орныхоо ирээдүйд итгэхээ больжээ. Тиймээс эдийн засгийн түвшинг өсгөхийн тулд тус чиглэлээрх бүрэлдэхүүнийг гаргаж, тодорхой санал санаачилга гаргах ажлыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд хариуцуулахаар тогтсон. 


Гуравдугаарт, өнөөдөр улс оронд үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлын цаад шалтгаан нь авлига. Энэ хүрээнд тендэрийн эрх зүй орчныг сайжруулах чиглэлд УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан бүрэлдэхүүн ажиллана. Дөрөвдүгээрт, ард түмний итгэл алдарсан байдал хавтгайрсан. Уг хүрээнд Улс төрийн намуудын хууль, Сонгуулийн хууль зэрэг хуулийг сайжруулах чиглэлд голлон анхаарч ажиллах бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж ажиллах юм. Тавдугаарт, бид ардчиллаа аварч хамгаалахын тулд АН-аа хуваагддаггүй, олон ургальч, нээлттэй улс төрийн нам болгож төлөвшүүлнэ” гэлээ.

Холбоотой мэдээ