Завханд насан туршийн боловсрол олгох 25 төв үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-01 01:03:23

Завханы төв Улиастай сумын Насан туршийн боловсролын төвийг түшиглэн байгуулсан залуучууд хөгжлийн төвд 14 сая 594 мянган төгрөгийн техник тоног төхөөрөмж нийлүүлэгджээ.

Ингэснээр тус төвийн сургалтын орчин сайжирч сургалт явуулах боломж бүрджээ. Урьд нь зөвхөн танхимд багшийн зааснаар л сургалт авдаг байсан бол одоо иж бүрэн компьютер дээр сургалт явуулж дадлага ажил хийх боломжтой болжээ.  Өнөөдөр Улиастай суманд байрлах хөгжлийн төвд  18-35 насны 78 иргэн суралцаж байна. Эдгээр залуус БСШУ-ны сайдын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/242 тоот тушаалын дагуу насан туршийн боловсролын хүрээнд эзэмшүүлэх таван чиглэлийн боловсролыг эзэмшиж байна. Тухайлбал амьдрах ухааны боловсрол,  гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол -экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй,  ёс суртахуун-төлөвшлийн боловсрол – авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд, гоо зүй-мэдрэмжийн боловсролыг эзэмшиж буй юм.

Дашрамд Завхан аймагт насан туршийн боловсрол олгох 25 “Гэгээрэл” нэртэй төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн өнгөрсөн жил НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Насан туршийн боловсролын хүрээнд сум бүр амьдрах ухааны танхимыг шинээр байгуулжээ.

Б.Мягмарсүрэн /Завхан/ 

Холбоотой мэдээ