АРХАНГАЙ: С.Очирпүрэв: Сар шинийн баяраа тэтгэврийн зээл авч хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-14 12:07:03

Архангай /МОНЦАМЭ/. Содовын Очирпүрэв гуай өдгөө 81 нас хүрч байна. Тэрээр хань Д.Хишигсүрэнгийн хамт амьдардаг аж. Гурван хүүхэд. 11 ач, зээтэй. Хүүхдүүд нь Улаанбаатар, Орхон аймагт ажиллаж амьдардаг ажээ.

 

С.Очирпүрэв гуай сар шинийн бэлтгэлээ базааж эхэлжээ. Эхнэрийнхээ хамт хоёрдугаар сарын тэтгэврээ аваад өөрийнхөө тэтгэврийн 400.000 төгрөгөөр нэг портер түлээ авчээ. Эхнэр нь эмийн тогтмол хэрэглээтэй учраас үлдсэн хэдэн төгрөгийнхөө ихэнхээр эмийг нь авсан байна.



“Цагаан сарыг ёс болгож л хийхгүй бол мөнгө хаанаа ч хүрдэггүй ээ” гэх ахмад багш С.Очирпүрэв гуай тэтгэврийн зээл авахаар шийдэж, ханьтайгаа хамт банк руу очсон ч зээл авах гэсэн ахмадуудын дараалал урт, их хүн байсан учраас хүлээж тэсэлгүй маргааш, нөгөөдрийг хүлээхээр буцсан тухай ярилаа.

 

Тэрээр нэг сая, болохгүй бол таван зуун мянган төгрөгийн зээл авах санаатай байгаа аж. Сар шинийн өдрүүдэд хөгшин хүмүүс хоосон сууж арай болохгүй байх, их хавчигдуухан цагаан сарыг хийж буйгаа, ер нь сүүлийн 2-3 жил ингэж тэмдэглэн өнгөрүүлж байгаагаа өгүүлж сууна. Ямартай ч 3 дугаар сарын тэтгэврээ аваад цагаан сарыг өнгөрөөчихөөр 4-р сарын 1-нээс нааш мөнгөний бараа харахгүй, эмээ, ойр зуурын хэрэглээгээ юугаар авахаа мэдэхгүй л сууна гэх...

 

Тэрээр тавгийн боов ширхэг нь 4500, 20 ширхэгийг авах гэхээр 90000 төгрөг, нэг кг чихэр авъя гэсэн чинь доод тал нь 20000-аас дээш, нэг литр сүү 5000 гээд хүнсний бүтээгдэхүүн үнэд орсон нь ч бидэнд хэцүү, хүндээр нөлөөлж байна, тэтгэвэр нэмэгдсэн ч барааны үнэ өсчихөөр ялгаагүй болчих юм хэмээв.

 

С.Очирпүрэв гуайд ах нь ууцны хонь өгөхөөр болж, хуурай дүүдээ бууз, тавгийн боов цөөхнийг хийгээд өгөөч гээд 10 кг гурил 25000 төгрөгөөр авч өгчээ.

 

Сар шинийн баярын бэлэг сэлтний тухайд өөрсдийг нь зорин ирж, золгох хүмүүст “бэлэгний хэрэггүй шүү” хэмээн урьдчилан захидаг ч ёс, бэлэг дэмбэрэлээ бодоод бэлэн мөнгө, гарын бэлэгтэй ирэх хүмүүсийн бэлгийг хооронд нь хольж, солиод л буцаагаад өгчихдөг тухай ч хэлж байв.

 

Ийнхүү цагаан сарынхаа баярыг 500.000 төгрөгт дөмөгхөн багтаах гэсэн боловсролын салбарт 40 гаруй жил ажилласан багш С.Очирпүрэв гуай “одоо өнөө зурагтын хугацаа дууссан. Тэрийг сунгуулна” хэмээн яарсаар гарч одов.

 

Зургаа даруулахыг хүсээгүй аймгийн Соёл урлагийн газрын мэргэжилтэн Б.Шижирбаатар сар шинийн бэлтгэлээ ер нь базааж дуусчээ. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг тэрээр энэ жил бэлэг сэлтгүй, мөн л бага зардлаар сар шинийн өдрүүдийг өнгөрүүлэхээр шийдэж. Ёс заншлаа бодож 90000 төгрөгөөр 20 ширхэг хэвийн боов, 20000 төгрөгөөр нэг кг цөрөм, 90000 төгрөгөөр 50 кг буузны гурил /хавар идэх учраас том савлагаатайг сонгосон/, нэг шил архи, хүнсний ногоогоо 60000 төгрөгт, багахан чихэр, жимсийг 50000-70000 төгрөгт сар шинэ дөхүүлж байгаад авна гэлээ. Ойролцоогоор Б.Шижирбаатарынх цагаан сарын баярыг 330000-350000 төгрөгт багтаахаар төлөвлөжээ.

 

Сэтгүүлч миний бие цагаан идээний захыг зорилоо. Цагаан идээний болон жимсний худалдагч нараас сар шинийн баярын бэлтгэлээ базаахад хэдэн төгрөгийг зарцуулж байгаа тухай лавлахад ихэнх нь 1.5-2.5 сая төгрөгийг зарцуулж, бэлтгэл хийж байгаагаа илэрхийллээ. Харин иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа талаар асуухад 1 кг зөөхий, 2 кг цөрөм, 3 литр сүүнээс илүү гарахгүй, жимсний тухайд үнийн хувьд тогтвортой, өнгөрсөн жилийнхтэй адил байгаа ч багадаа 30 мянга, ихдээ 100 мянган төгрөгт 1 кг алим, мандарин, жижиг жимсний холимогоос хэтрэхгүй, худалдан авах чадвар тийм ч сайн биш байна гэлээ.

Гэхдээ өнөөдрөөс л бага ч гэсэн худалдан авалт жаахан эрчимжиж байгаа ажээ.

 

Хориод хоногийн өмнөхөөс цагаан идээний үнэ 2000-5000 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал:

Хэвтэй чихэртэй ааруул 25000

Шар тос 28000-30000

Зөөхий 20000-25000

Урт хурууд ааруул 18000

Сүүн хурууд 30000

Хувингийн өрөм 6000

Амтат тос 15000

Цөрөм 20000

Ээзгий 13000

Сүү 5000

Аарц 6000 төгрөгийн үнэтэй байна. Тавгийн ааруул 300000-350000 төгрөг байгаа бол хэвийн боов нэг ширхэг нь 5000 төгрөг болжээ.

 

Махны тухайд үхрийн цул мах 12000, хонины цул мах 11000, ястай нь 9000, хонины сүүл 11000, ямааны мах 9500, ууц кг нь 8500 төгрөг буюу гулуузаараа 200000-212000 төгрөгийн үнэтэй байна.  

                                    

Нийтийн худалдааны төвд аяга тавгаас эхлээд төрөл бүрийн барааны худалдаа нэмэгдэж гарсан байв. Худалдагчдаас мөн л иргэдийн худалдан авах чадварын тухай асуув. Иргэд хамгийн хямдаас нь цөөхөн тоогоор бараа авч байна гэв. Жишээ нь өнгөрсөн жил дундын үнэтэй аяганаас 15-20 ширхэгийг авдаг байсан бол энэ жил хамгийн хямд аяганаас ихдээ 5 ширхэгийг авч байгаа тухай өгүүлэв.

 

Ийнхүү хүмүүстэй ярилцаж, сар шинийн бэлтгэлд хэдэн төгрөг зарцуулж байгаа, иргэдийн худалдан авалт ямар байгаа тухай лавлаж асууж явснаа эргээд бодоход энэ жилийн сар шинийн баярыг залуу гэр бүлүүд зардал бага гаргаж тэмдэглэх хандлага байгаа бол хижээл насны худалдаа, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид багадаа 1.5 сая төгрөгийг зарцуулж тэмдэглэж байгаа нь анзаарагдана. 


Архангай аймагт 2022 оны байдлаар 19 хүртэлх насны хүүхэд 37383, 20-39 насны залуус 28799, 40-59 настай 22023, 60-99 нас хүртэл 7660, 100-гаас дээш настай 5 хүн амьдарч байна. 

Холбоотой мэдээ