Олон улсын хамтын нийгэмлэг Сири улсад тусламжаа илгээсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-15 15:32:06

ДАМАСК. /SANA/.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 37 тонн хүмүүнлэгийн тусламж ачсан нисэх онгоц Сирийн нийслэл Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудалд мягмар гарагт газарджээ.


Түүнчлэн 25 тонн эмнэлгийн хэрэгсэл ачсан өөр нэг онгоц газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслахаар Данийн нийслэл Копенхагенаас Сирийн нийслэл хотын онгоцны буудалд буусан байна. Уг нисэх онгоц НҮБ-ын Хүүхдийн сангаас илгээсэн тусламжийг хүргэжээ. 


Мягмар гарагт мөн Пакистан улсын тусламжийг тээвэрлэсэн хоёр дахь онгоц Дамаск хотод газардав. Энэ  удаад 17.9 тонн хүнс, эмнэлгийн хэрэгслээс гадна, 10 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ирлээ” гэж Сирид суугаа Пакистаны Элчин сайд Шахид Ахтар мэдээлсэн байна. 


Газар хөдлөлтийн дараа Сирид тусламж үзүүлэх зорилгоор 80 сая крон буюу 7.71 сая ам.доллар нэмж олгож байгаагаа Шведийн Засгийн газар мэдэгдлээ. Сирид үзүүлэх тусламжийг НҮБ-ын байгууллагууд, Шведийн Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан олгох бөгөөд шатахуун, хүнсний бараа, байр сууц, түргэн тусламжийн машинаар хангахад зарцуулах аж.


Одоогийн байдлаар Шведийн эрх баригчид Турк, Сирид газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор нийт 11.28 сая ам.доллар гаргаад байгаа юм. Хоёрдугаар сарын 9-нд тус улс 45 аврагч, эрэлч нохойноос бүрдсэн эрэн хайх, аврах багаа Турк руу илгээсэн бол хоёрдугаар сарын 12-нд 300 майхан илгээсэн байна.


Хүмүүнлэгийн ачаа ачсан Хятадын тусгай нисэх онгоц газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири улс руу мягмар гаргийн үүрээр хөөрч, лхагва гарагт газардсан талаар Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA) мэдээллээ. Уг онгоцоор 30 мянга орчим анхны тусламжийн иж бүрдэл, 10 мянган даавуун халаад, 300 даавуун майхан, 20 мянган хөнжил, хэвтрийн хүнд зориулсан 70 мянган живх, амьсгалын аппарат, мэдээ алдуулах аппарат, хүчилтөрөгчийн аппарат, мэс заслын LED гэрэл зэрэг яаралтай тусламжийн тоног төхөөрөмж бүхий хүмүүнлэгийн ачаа илгээжээ. 


Түүнчлэн Японы Засгийн газраас үзүүлж буй тусламжийг тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар (JICA) дамжуулан олгож байна. “Майхан, гудас зэрэг тусламжийн бараа ачсан онгоц Дамаск хотод лхагва гарагт буусан” гэж Сири улсад суугаа Японы ЭСЯ-аас мэдээлсэн байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нийт 397 сая ам.доллар санхүүжилт олгохыг улс орнуудад уриалсан байна. Сирид таван сая орчим хүнд тусламж үзүүлэх шаардлагатай байгааг тэрбээр нэмж дурджээ. 

Холбоотой мэдээ