Онцгой байдлын алба хаагчид 18 м гүнд шумбалт хийн живсэн машиныг гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-02-15 10:28:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас гол, нуурын мөсөн дээгүүр зорчих, авто тээвэр хийхгүй байхыг сэрэмжлүүлэн анхааруулж байна.


Өчигдрийн байдлаар Увс аймгийн Завхан сумын нутагт Хяргас нуурын мөснөөс суудлын нэг автомашиныг татан гаргаад байна. Аймгийн төвөөс Завхан сумын Хэцүү хадны чиглэлд зорчиж явсан суудлын автомашин Хяргас нуурын мөсөнд цөмөрч, живснийг өчигдөр 17.45 цагт онцгой байдлын албаныхан 18 метрийн гүнт шумбалт хийн, автомашиныг ган татлагаар холбон, 50 м газар хонгил үүсгэн мөсийг цэвэрлэж татан гаргажээ. Автомашинд явсан хүмүүс эсэн мэнд гарчээ.


Нууруудын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхааруулж байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллага гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 тохиолдлыг бүртгэж, 5 иргэний амийг аварч, 3 тээврийн хэрэгслийн татан гаргаад байна

Холбоотой мэдээ