Монгол, Кувейт Улсын агаарын тээвэрлэгчид нислэг үйлдэх боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-15 10:42:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, ИНЕГ-ын төлөөлөгчид Кувейт Улсын ИНЕГ-ын дэд дарга Эмад Ал-Желви тэргүүтэй төлөөлөгчидтэй энэ сарын 14-нд уулзав.


Уулзалтаар хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, агаарын харилцааны талаар санал солилцож, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг үзэглэн, хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиролцлоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.


Кувейт Улсын Засгийн газар 139 улсын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулсны дийлэнх хувь нь Open Sky зарчмын хэлэлцээр байдгийг ИНЕГ мэдээлэв.


Кувейт Улс Төрийн өмчит Кувейт Эйрвэйз, хувийн хэвшлийн Жазира Эйрвэйз гэсэн агаарын 2 тээвэрлэгчтэй. Кувейт Улсын агаарын тээврийн салбар цар тахлын өмнө 2019 онд 16 сая зорчигч тээвэрлэж байсан бол 2022 онд 11 сая зорчигч тээвэрлэжээ. Тус улс нисэх буудлын хүчин чадлаа сайжруулахаар 25-30 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий шинэ зорчигч үйлчилгээний терминалыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. 


Холбоотой мэдээ