Дэлхийн дулаарал Цельсийн 1.8 хэмд хүрвэл мөсөн бүрхүүл хайлах явц 30 дахин хурдсана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-15 17:06:20

СӨҮЛ. /IBS/. Дэлхийн уур амьсгал Цельсийн 1.8 ба түүнээс дээш хэмээр дулаарбал Гренланд болон Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн эргэлт буцалтгүй хайлах явц огцом хурдсаж, дэлхийн далайн түвшин эрс нэмэгдэнэ гэж олон улсын цаг уур судлаачдын баг дүгнэжээ.


Энэ талаар Өмнөд Солонгосын Суурь шинжлэх ухааны хүрээлэнгийн (“IBS”) хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Хэрэв хүн төрөлхтөн Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.8 хэмд барьж чадахгүй бол Гренланд болон Баруун Антарктидын мөсөн давхарга хагарч, маш хурдан хайлж эхэлнэ. Хэрвээ бид энэ талаар ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ явц үргэлжлэн 130 жилийн дараа дэлхийн далайн түвшин нэг метр орчмоор нэмэгдэнэ” гэж “IBS”-ийн профессор Аксель Тиммерман хэллээ. 


А.Тиммерман ба түүний багийнхан хэрэв хүн төрөлхтөн дэлхийн дулаарлыг Цельсийн 1.8 хэмд барьж чадахгүй бол ойрын 10 гаруй жилийн дотор далайн түвшин хурдацтай нэмэгдэнэ гэдгийг тогтоожээ. Цаг уур судлаачид Гренланд ба Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн компьютер загварчлалынхаа тусламжтайгаар ийм дүгнэлтэд хүрсэн байна.


Уг загварчлалаар тэдгээр мөсөн бүрхүүлийн бүтцийн янз бүрийн өөрчлөлтүүд мөсний хайлах явцад хэрхэн нөлөөлж байгааг тооцоолжээ. Тухайлбал, мөсний цууралт хагаралт, мөсөн уул үүсэх явц ба мөсний гадаргуун дээрх хайлсан усны нөөц болон далайн эрэг рүү шилжих мөсөн давхаргын нүүдэл хурдсах, мөсний хэмжээ багасах зэрэг явцыг энэ загварчлал тооцсон байна.


Судлаачдын тооцоолсноор, дэлхийн дулаарал Цельсийн 1.8 хэмд хүрэхэд эргэж буцашгүй өөрийн гэсэн онцлогтой мөс хайлах гинжин урвал эхэлж ирэх 150 жилийн хугацаанд мөсөн бүрхүүл хайлах хурд эрс нэмэгдэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, цаашид дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр Гренланд, Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн бүтцэд өөрчлөлт орж, хагарал үүссэнээр мөс хайлах явц 30 дахин хурдсаж, энэ явцыг зогсоох боломжгүй болно.


Зөвхөн Гренланд, Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн бүтцэд гарч буй өөрчлөлтөөс болж 2150 он гэхэд далайн түвшин 1 метр орчим нэмэгдэх ба хэрвээ нөхцөл байдал улам муудвал далайн түвшин 140 см гаруй нэмэгдэнэ гэж А.Тиммерманы багийн судлаачид дүгнэжээ.


Дэлхийн дулаарал 

Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд барьж чадахгүй бол өнөөгийн дэлхийн хэв загвар эрс өөрчлөгдөнө гэдэгтэй цаг уурчид санал нийлж байна. Үүнийг янз бүрийн зуу гаруй компьютер загварчлал төдийгүй сансрын, далайн болон газрын судалгаануудын хэмжилтүүд нотолж байгаа юм.


Гренланд, Арктик болон хамгийн эмзэг нөхцөл байдалд ороод байгаа Баруун Антарктидын мөсөн бүрхүүл хайлснаар далайн түвшин нэмэгдэнэ гэж судлаачид үздэг. НҮБ-ын шинжээчдийн таамаглаж байгаагаар, хэрвээ дэлхий дахины хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ энэ хэвээрээ байвал энэ зууны сүүл гэхэд далайн түвшин 30-50 орчим см-ээр нэмэгдэнэ. 

Холбоотой мэдээ