Д.Отгонбаяр: Монголын тур компаниуд ОХУ-ын аялал жуулчлалын зах зээл дээр хаягдсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-15 15:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2023 - 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан, хөрш орон, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Монгол-Орос тур оператор компаниудын хамтарсан форумыг зохион байгуулж байна.


Монгол орон бол байгалийн бүх шинжийг агуулсан олон янз өвөрмөц тогтоцтой, жилийн 4 улиралтай. Говь хээр, уудам тал, уулс хангай, ус мөрөн, дэлхийд цөөн нүүдэлчдийн соёл, ахуйгаас эхлээд орчин үеийн 5 одтой буудал, задгай тэнгэрийн 5 тэрбум од гээд үзэх харах, сонирхох, таашаах, амрах, аялах зугаалахад таатай тансаг орон билээ.


Тухайлбал, “Өргөн уудам газар нутагтай, 1 км квадрат газар нутагт хоёрхон хүн ногддог. Монгол орны зүүнтээ 90 км сунаж тогтсон Мэнэнгийн талыг харсан хүнд онцгой гойд мэдрэмж төрдөг. Адал явдалд дуртай явган аялагчид манай орны баруун хязгаар дахь Алтай Таван богд уулыг зорих боломжтой. Мөн нийслэлээс холгүйхэн 50 км яваад Горх-Тэрэлжийн өвөрмөц тогтоцтой байгальд орчин үеийн үйлчилгээ бүхий амралтын газруудад тухлах ч сонголт бий. Үүнийг видео танилцуулга, интернэтээс хараад өнгөрөх өөр харин өөрийн биеэр тухайн газар нь очоод мэдрэх нь онцгой таашаал” гэдгийг “ITrip” компанийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал Монгол-Оросын форумын үеэр онцолж байлаа.


Энэ үеэр Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяраас ОХУ-ын аялал жуулчлалын зах зээлд Монголыг хэрхэн сонирхдог болон энэ жилийн аялал жуулчлалын чиг хандлагыг тодруулахад, “Жуулчид цар тахлын дараа илүү тайван, аюулгүй, сэтгэлийн амар амгаланг эдлэх эрүүл аялал, тэр тусмаа гэр бүлийн аяллыг их сонирхож байна. Аялагчдын 60 орчим хувь нь мэргэжлийн тур операторт аяллаа даатгаж амрах болсон. Бидэнд хил орчмын аялал жулчлалыг хөгжүүлэх шаардлага бий. Монголын тур компаниуд ОХУ-ын аялал жуулчлалын зах зээл дээр хаягдсан байна. Монголоос энэ зах зээлд ажилладаг компани маш цөөн. Иймд аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хил орчмын аялал жуулчлалыг эрх зүйн хүрээнд шийдэхийг тусгасан. Орос жуулчдад бидний тухай мэдээлэл дутуу байдаг юм байна. Оросын тур компаниудтай өчигдөр уулзахад Монголыг зөвхөн тал нутгаар нь зүйрлэж, хөдөө орон нутагт жуулчны бааз, орчин үеийн үйлчилгээ байхгүй гэж бодож байснаа ярьсан” хэмээв.



Тиймээс мэдээллийн төвөөр дамжуулаад жуулчдад зориулсан өдрийн үйлчилгээ гаргах, 2-3 цагийн хөтөч бэлдэх зэргээр Монголоо таниулах хэрэгтэй. Мөн орос жуулчид шаардлага өндөр, хямд үнээр олон үйлчилгээ авах хүсэлтэй тул тур компаниуд үйлчилгээгээ сайжруулж, онцлогт нь тохирсон бүтээгдэхүүн гаргаж, мэдээллээ маш сайн өгөх шаардлагатай байгаа аж. Учир нь интернэтээр монголын аялал жуулчлалын тухай багцалсан тоймтой мэдээлэл олддоггүй, чанартай зураг хомсхон, мэдээлэл нь дутуу дулимаг тухай оросын тур оператор компаниуд ярьж байв.


Монголыг сонирхсон оросууд олон ч мэдээлэл байдаггүй гэж байгаа тул бид аялал жуулчлалын мэдээллээ ойлгомжтой, тодорхой өгөх шаардлагатайг Д.Отгонбаяр онцлоод, “Орос жуулчид аялахдаа хамгийн түрүүнд ямар унаагаар үйлчилгээ авах, хүмүүсээ анх яаж угтаж авч байгаа болон цаг баримталж байгаа эсэхийг чухалчилдаг. Энэ 3 үйлчилгээ сайн байхад таатай ханддаг” хэмээсэн юм.


Монгол Оросын тур операторуудын бизнес уулзалтыг БОАЖЯ, нийслэлийн АЖГ-ын дэмжлэгээр МАЖХ, Ресторан зоогийн газрын холбоо хамтран зохион байгуулж байна. Форумд ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд хот, Усть-Орд, Алтайн хязгаараас ирсэн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зоогийн газрын компани, хэвлэл мэдээллийн 100 гаруй төлөөлөл, Монголын 70 гаруй тур оператор оролцож байна.


Монгол Улс энэ онд ОХУ-аас 200-250 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөснөөс, өнгөрсөн сард гэхэд 4 мянган жуулчин иржээ. Харин 2018 онд 100 мянга, 2019 онд 140 мянга, 2022 онд 140 мянга гаруй орос жуулчин хүлээн авч байв.





Холбоотой мэдээ