Улсын Хоёрдугаар төв эмнэлэг хавдрын химийн эмчилгээ нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-02-16 14:32:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Хоёрдугаар төв эмнэлэг хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийг ашиглалтад оруулснаар ХСҮТ-ийн ачааллыг бууруулж эхэллээ. Ингэснээр иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний голлох ачааллыг хуваалцдаг том эмнэлэг. Тус эмнэлэг хавдрын болон ерөнхий мэс засал, бүх төрлийн эмчилгээ, оношилгоог үзүүлж байгаа лавлагаа шатлалын төв эмнэлэг болсон. Өнөөдрийн байдлаар элэг, цөс, нойр булчирхай, ходоод, яс, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөрний хавдрын мэс заслыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар амжилттай хийж байна.

УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган: Иргэдэд зонхилон тохиолдож буй элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар Монгол Улсад төдийгүй дэлхийд дээгүүрт бичигдэж байна. ХСҮТ улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг бөгөөд тус эмнэлгийн ачааллыг бууруулах хэрэгцээ бидэнд тулгараад байсан. Тиймээс УХТЭ “Мон 8” төслийн хүрээнд барьсан хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор "Химийн эмчилгээний кабинет"-ийг нээж байна.

2022 оны 12 дугаар сард УХТЭ нь УНТЭ, ХСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, хавдрын тусламж, үйлчилгээг төв эмнэлгүүдэд хийх боломжийг бүрдүүлэх, эмч, мэргэжилтнүүдээ сургах тал дээр хамтарч ажиллахаар болсон. Үүний хүрээнд хими эмчилгээний нэгжид ажиллах эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч нарыг ХСҮТбэлтгэсэн.

Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үзүүлэхийн тулд хими эмчилгээг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөөтээгүүр бид хүлээгдэл чирэгдэл ихтэй байгаа эмнэлгүүдээс өвчтөн авчирч өөрийнхөө эмнэлэгт эмчлэх боломж бүрдэж байна.  Цаашид нэгжүүдийг тасгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах, бай эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр зорьж байна” гэв.

УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний эмч Т.Урансайхан: Манай эмнэлэг 2021 оноос хавдрын амбулаторийн кабинетыг байгуулж, иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн хавдрын хими эмчилгээний нэгжийг байгуулахаар бэлтгэл ажил хангаж, 2023 оны нэгдүгээр улирлаас өдрийн хими эмчилгээний кабинет үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдрийн хавдрын хими эмчилгээний нэгж таван ортой. Сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэ онд хэвтүүлэн эмчлэх хими болон бай эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

УХТЭ-ийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх зэргийн эмч Ш.Энхтүвшин: Манай эмнэлэг  мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасаг байгуулж, харьяалал харгалзахгүй дүүрэг болон орон нутгийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн өвдөг, нуруу, мөрний өвдөлт болон мэс заслын дараах үргэлжилсэн өвдөлт болон мэдрэлийн гаралтай өвдөлтийг эмчилж байна. Мөн нурууны янз бүрийн архаг өвдөлтийг оношилж, рентген хяналтын дор тарилга  хийн өвчин намдаах, үрэвсэл дарах эмчилгээ хийж, бүрэн эмчилж байна. Түүнчлэн өвдөгний "жийргэвч" төмөр титан хэлбэрээр солигдоод байгаа жийргэвчийг орлуулах шингэн хэлбэрээр зөөлөвч болгон хийдэг Япон, Солонгост үйлдвэрлэсэн эмийн бодисоор эмчилж байна. Бид энэ хоёр сарын хугацаанд нийт 1000 гаруй иргэнд үйлчилсэн. Энэ нь архаг өвдөлттэй хүмүүс өвдөлт намдаах үйлчилгээ авах нэн хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна" хэмээн ярьсан юм. 






Холбоотой мэдээ