АРХАНГАЙ: Төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа гаргахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-16 16:11:56

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид өнөөдөр байгууллагуудын удирдлагууд, сумдын Засаг дарга нартай шуурхай хурлыг зохион байгуулж уулзлаа. Сумын удирдлагууд онлайнаар оролцсон.

 

Шуурхай хурлаар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг байгуулсны 100 жилийн ойн бэлтгэл ажлын мэдээлэл, аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, зарлагын тухай мэдээлэл, төрийн албаны сул орон тоо, ерөнхий болон тусгай шалгалт, Ковидын хуулиар томилогдсон албан тушаалтнуудын талаарх мэдээлэл, мөн 2023 онд улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд, худалдан авах ажиллагааны тухай мэдээлэл, он дамжсан хөрөнгө оруулалтуудын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагууд өглөө.  

 

Тухайлбал, Орон нутгийн төсөвт “Ар Ус Ундарга” ХХК-тай холбоотой дамжуулан зээлдсэн зээлийн өр төлбөрт энэ онд 2758.8 сая төгрөгийг барагдуулах, орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалингийн ангилал, зэрэглэл, шатлал өөрчлөгдсөн болон Засгийн газрын 488 дугаар тогтоолоор албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан аймаг, сумын зарим байгууллагын цалингийн сан дутсан, төрийн захиргааны албан хаагчдын цалингийн орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох төсвийн эх үүсвэр байхгүй, аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой зардал төсөвт байхгүй,

Засаг даргын нөөц сангийн хөрөнгө өмнөх жилүүдээс эрс бага буюу 150.0 сая төгрөг батлагдсан нь одоогийн байдлаар бүгдийг зарцуулсан байдал, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй, зөрчил дутагдалтай байгаа бөгөөд энэ талаарх аудитын байгууллагын зөвлөмж чиглэл, албан шаарддлагын хэрэгжилт хангалтгүй байгаа зэрэг 2023 оны аймгийн төсөвт тулгамдаж буй асуудлуудыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат хэллээ.

 

Мөн Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор батлагдсан орон нутагт ажилласны нэмэгдлийн судалгааг саяхан гаргасан ба энэ судалгаагаар улсын төсвөөс бүх аймагт төрийн албан хаагчийн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн бол орон нутгийн төсвөөс ажилласан жилийн нэмэгдлийг олгоогүй Архангай, Хөвсгөл, Хэнтий гурван аймаг байв. Бусад аймаг өөрсдийн онцлог, боломжид тулгуурлан 10-80 хүртэл хувиар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлжээ.

 

Аймгийн хэмжээнд 5474 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн Архангай дахь салбар зөвлөлд өнөөдрийн байдлаар нийт 91 албан тушаалын 110 сул орон тооны захиалга ирсэн байна. Ковидын үед нийт 72 хүн ажилд томилогдсоноос өнөөдрийн байдлаар 23 ажилтан жинхлэгдэн оржээ.  

 

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга тодорхой хэдэн чиглэлээр үүрэг өгсөн.

Нэн түрүүнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед шуурхай арга хэмжээ авч, хямдралтай үнээр 80тн тэжээлийг татан авах ажлыг зохион байгуулж, эхний ээлжийн 50тн тэжээл өнөөдөр аймагт буужээ. Үлдсэн 30тн тэжээлийг удахгүй татан авна. Тэжээлийг зудын эрсдэл өндөртэй сумдад аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ хуваарилан олгоно. Мөн сумдын Засаг дарга нарыг нэгдсэн зохион байгуулалтад орж, малчдад хямдралтай үнээр өвс тэжээл нийлүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг чиглэл болголоо.


Мөн 2022 оны татварын орлого, дансны үлдэгдэл зэрэг мэдээллийг холбогдох байгууллагууд гаргаж танилцуулах, төрийн албан хаагчийн орон нутаг дахь нэмэгдлийг олгож, цалин нэмэгдүүлэх чиглэлээрх бүх судалгааг холбогдох байгууллагууд гаргаж танилцуулах, мөн орон нутгийн өмчид хамааралтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын ашигтай ажилласан эсэх, цаашид хэрхэн ашигтай ажиллах, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад хийсэн аудит, шалгалтын дүн мэдээ, судалгааг танилцуулах, сум, агентлаг, хэлтсүүд хүний нөөцөө судлан аймгийн ТАЗ-д сул орон тооны захиалгаа өгч, холбогдох шалгалтуудыг 4 дүгээр сарын 1-нээс өмнө зохион байгуулж, дуусгах, хууль бус томилгоотой холбоотой асуудлыг судалж танилцуулах, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх бүх төсөл, арга хэмжээний тендерийг 3 дугаар сарын 10-ны дотор зарлах, 9 суманд тендерийн эрх шилжүүлсэн асуудалд хариу тайлбар авч, эргэж харах зэрэг асуудлыг үүрэг болголоо.


Холбоотой мэдээ