АРХАНГАЙ: Мялзан өвчнөөр Цэцэрлэг суманд 864 бог хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-17 09:04:12

Архангай /МОНЦАМЭ/. Засаг даргын орлогч В.Мөнхбат Цэцэрлэг суманд ажиллаж, бог малын мялзан өвчний эсрэг сумын онцгой комиссоос хэрэгжүүлж буй ажлын үр дүнг шалгаж, арга зүйн зөвлөгөө өгчээ.

 

Бог малын мялзан өвчний голомт Архангай аймагт анх бүртгэгдсэн сум нь Цэцэрлэг сум. Одоогоор Хонгорж, Чулуут, Их булаг багт 3 голомт байгаагаас Хонгорж багт хамгийн сүүлийн тохиолдол 2 дугаар сарын 10-нд бүртгэгдээд байна.

 

Бог малын мялзан өвчнөөс шалтгаалж Цэцэрлэг суманд 864 бог хорогдсон байна.

Цэцэрлэг сум сумын аюулгүй нөөцийн өвс тэжээлийнхээ нөөцийг дууссан. Татан авалтыг ирэх гуравдугаар сараас хийх төлөвлөгөөтэй байгаагаа Засаг даргын орлогчид танилцуулж байлаа.

 

Засаг даргын орлогч В.Мөнхбат:

- Сумын Засаг дарга, онцгой комисс хариуцлагагүй ажилласан. Цэцэрлэг сумаас эхэлсэн бог малын мялзан өвчин хорио цээрийн дэглэмтэй хэвээр. Хөрш зэргэлдээ суманд шуурхай ажиллаж, хязгаарлалтын дэглэм цуцлахаар өдөр тоолоод эхэлсэн. Иргэдэд мялзан өвчний талаар мэдээлэл сурталчилгаа бага хийсэн. Ажлаа зөв хуваарилж зохион байгуулаагүйн улмаас ийм байдалд хүрээд байна. Сумын удирдлагад хариуцлагын асуудал яригдана. Цаашдаа төрийн байгууллага нь ч, малчид нь ч аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ зөвхөн Цэцэрлэг сум, Архангай аймгийн асуудал биш мал, мах худалдаанд гаргахад бэрхшээл дагуулах тул та бүхэн хичээж ажиллаарай гэв.

 

Мөн сар шинээс өмнө багийн дарга нартайгаа хамтран малчдадаа ухуулга, сурталчилгаа хийж, малынхаа хариулга маллагаанд анхаарал хандуулж, өвчнийг нэмэхгүй байх урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ