“Facebook”-ийн хаяг баталгаажуулахад төлбөртэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-20 11:58:22

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Meta” корпорацын гүйцэтгэх захирал Марк Цукерберг олон нийтийн сүлжээнүүдийнхээ хэрэглэгчдэд хаягаа баталгаажуулах төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэхээр болсныг мэдэгджээ.


Цукербергийн мэдэгдсэнээр, “Facebook”, “Instagram” олон нийтийн сүлжээ хэрэглэгчдэд зориулсан “Meta Verified”  үйлчилгээг энэ долоо хоногоос нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү үйлчилгээг авснаар хэрэглэгчдийн хаягийн ард хөх өнгийн тэмдэглэгээ байршихаас гадна, ийм тэмдэгтэй хэрэглэгч бусад үйлчилгээг авах эрхтэй болох аж. 


“Хөх тэмдэглэгээтэй болсноор таны нэрээр хуурамч хаяг үүсгэхээс хамгаалагдаж, үйлчилгээний аюулгүй байдал сайжирна” гэж “Meta”-гийн тэргүүн мэдэгдсэн байна. 


Энэхүү үйлчилгээ нь вэб хуудсаар 11.99 ам.доллар, гар утасны төхөөрөмж дээр сард 14.99 ам.долларын үнэтэй байх аж.


“Meta” корпорац нь энэхүү шинэ үйлчилгээгээ нэлээн эгзэгтэй үед нэвтрүүлж байгааг шинжээчид онцолж байна. Өнгөрсөн онд тус корпорац ажилтнуудынхаа 13 хувь буюу 11 мянган ажилтнаа цомхотгосон нь компанийн түүхэн дэх хамгийн том хэмжээний цомхотгол болсон. Түүнчлэн хувьцааных нь үнэ гуравны хоёр хувиар унасан боловч 2023 он гарсаар зургаан долоо хоногийн дотор дахин сэргэж чаджээ.


Холбоотой мэдээ