Туулай жил: Дээдэст сайн, залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-02-21 09:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн нэгэн өнөөдөр тохиож байна.


Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц усан туулай жилийн сар шинийн мэндчилгээндээ "Бурханы шашинд хүний амьдрал үйлийн үрд багтдаг гэж үздэг. Шинэ жил гарна гэдэг нь хүний цаг хугацааны үргэлжлэл. Ийм учраас өнгөрсөн амьдралдаа сайн сайхныг бүтээж чадсан бол цаашаа тэр хэмдээ үргэлжилдэг амьдралын хуультай" хэмээн тодотгосон бөгөөд “Туулай жил зуд турхан болж байсан түүх ховор. Тиймээс дэлгэр сайхан жил болно" хэмээн айлдсан. Харин "Үзэсгэлэн болгогч” хэмээх нэрийн тухайд "Цагаан лянхуа сударт энэ жил төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж тайлбарласан байдаг гэсэн юм. Жилийн өнгийн хувьд "Дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст тиймдүү, харин залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаантай. Цаг агаар сайхан, бороо хуртай байна. Ерөнхийдөө засал номын хувьд жил орсон, харш жилтэй хүн ном уншуулж, засал хийлгэхэд анхаарах хэрэгтэй" хэмээсэн юм.


Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн гэвш Г.Батсуурь усан туулай жилийн өнгө төрхийг "Арван хоёр жилийн 6 нь эм жил байдгийн нэг нь туулай жил. Энэ жил зөөлөн жил гарч байгаа. Шороон үхрийн зурлагаар бол нийт хүмүүст сайн, тэр дундаа хөгшдөд нэн сайн. Залууст ердийн, нялхсаа асарч тойлон анхаарах жил. Жилийн 4 улирлын эхэн болгон хуртай. Тариа, үр жимс цагтаа боловсорно. Ихэс дээдэс эв эеэ хичээх нь чухал" хэмээсэн билээ.


Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц Монголчууд Азийн бусад орноос нэг сараар цагаан сараа хойно тэмдэглэж буй шалтгааныг "Орон болгонд нар сар ондоо байршиж байгаа. Заавал нэг өдөр сар шинэ болно гэж үзэж болохгүйМонгол орны нөхцөл байдал, одон гаргийн явдалд тааруулсан зурхай зурагдсан. Хятадынх бол нэлээд ондоо. Нүүдэлчин амьдралд тохирсон сар нарны зурхайгаар явж ирсэн учраас орчин үед ойлгохгүй явдал гарч байна" хэмээн тайлбарласан юм.


Шороон үхрийн зурлагыг шинжих нь: Үхрийн толгойн өнгө нь хөх, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан ходоод нь цагаан байна.

Үхэр хариулагч нь: Өвгөн хүмүүн хөх дээлтэй, шар бүстэй, улаан царайтай, үхэр хариулаач өвгөн хүмүүн байх агаад үс нь чихний ар ба зүүн чихний өмнүүр хийссэн, олсон шилбүүр бариад, хоёр гутлаа өмссөн. Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яаран гүйж явна.

Шороон үхрийн ерөнхий шинж: Хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хуртай. Хур ус ихдэн, хүйтэн болон бадган өвчин гарна. Улс орноо зонхидоо тааруухан.

Үхэр хариулаач: Өвгөн хүмүүн байгаа нь өвгөдөд ээлтэй, залууст дунд зэрэг, нялхаст машид ширүүн болой хэмээжээ.


Холбоотой мэдээ