Өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-01 14:10:24

Дорноговь аймгийн зарим сумдаар өнгөрсөн өвөл цас их орж  хүйтэрснээс Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан,Алтанширээ, Иххэт зэрэг цөөнгүй суманд өвөлжилт хүндэрч мал ихээр хорогдсон.

Энэ жил мөн л бичин жил тохиож байгаа учир тус аймгийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэл бүхий Засгийн газрын  322 дугаар албан даалгавар болон аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

Энэ ажлын хүрээнд сумдууд хадлан тэжээлээ бэлтгэх, захиалах, гэрээлэх, худаг ус гаргах ажлыг зохион байгуулж  буйгаас гадна “Хадлан тэжээл” болзолт уралдааныг малчдын  дунд зарлажээ.

Энэ жил орон нутгаас 150 сая төгрөг гаргаж 5 суманд худаг гаргаж байгаа бол ОНХС-гийн 168 сая төгрөгийн хөрөнгөөр  мөн л 18 худаг гаргаж ажлын явц 80 гаруй хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын эцсийн дүн мэдээллийг сумдаас ирэх 10 дугаар сарын  20-ны дотор  хүлээн авахаар  болов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ