ОРХОН: Өрхийн бичил бизнес эрхлэгчдийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-28 10:41:30
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймаг 30 мянган өрхтэйгээс 10 мянган өрх бичил бизнес болон халамжаас бусад орлогогүй байна. Иймд тэдэнд чиглэсэн “Өрхийн бичил бизнесийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэж байна.

Хөтөлбөрийн төслийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж танилцууллаа.

2021 оны судалгаагаар, Орхон аймагт 5339 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 36 хувь нь тогтвортой, 41 хувь нь зогссон байна. Үйл ажиллагаа нь тогтвортой хэвийн явж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын дийлэнх нь компани, хоршоо, нөхөрлөл байгаа юм. Үүнээс харахад, Орхон аймагт бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тэдгээрийн өөрөө өөртөө ажлын байр бий болгох, ажлын байраа хадгалах боломжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн тул “Өрхийн бичил бизнесийг дэмжих” хөтөлбөрийг боловсруулжээ.

Бичил бизнес, халамжаас бусад орлогогүй 10 мянган өрхийн 10 хувь болох 1000 өрхөөс судалгаа авахад, 19 хувийнх нь орлого хүрэлцдэг ч хуримтлал үүсгэх боломжгүй, 81 хувийнх нь орлого огт хүрдэггүй байна. Өрхийн бичил бизнес эрхлэгчдийн ур чадварыг судлахад, оёдол 32 хувь, мужаан 7 хувь, гоо сайханч 6 хувь, бусад 34 хувь, ямар нэг ур чадваргүй 21 хувь байна. Нэг өрхөд 3.9 хүн ноогдож байгаагийн зэрэгцээ 60 хувь нь эмэгтэйчүүд байна.

Иймд “Өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж,

1.   Бизнес эрхлэгчдийн бүртгэлийн системийг бий болгох, судалгаа гаргах,

2.   Санхүүжилт олгох, хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах,

3.   Бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн  зорилт дэвшүүлсэн байна.  

Эдгээр зорилтыг хэрэгжүүлсний үр дүнд 4 жилийн хугацаанд 250 шинэ ажлын байр бий болгох, 200 өрхийн ажлын байрыг хадгалах, 1000 иргэнд бизнесийн анхан болон дунд шатны зөвлөх үйлчилгээ үзүүлэх, 130 орчим иргэнд мэргэжил олгох аж.

 

Холбоотой мэдээ