Нүүрсний гэх тодотголтой хэрэгт УИХ-ын 6 гишүүнийг яллагдагчаар татаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-28 14:57:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 3 байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллан, хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэргийг мөрдөн шалгаж байна. 


Гурван хэргийг мөрдөн шалгаад, шүүхэд шилжүүлэх хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар 143 объект болон хүний бие, эд зүйл, баримт бичигт 408 удаа үзлэг хийж нэгжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч, мөн байгууллага, аж ахуйн нэгжээс 905 баримт материал гаргуулан авсан байна.


Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Албан тушаалаар нь авч үзвэл, нийтийн албан тушаалтан 42 байгаа юм. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий хүн болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татав. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүй хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, УИХ-ын гишүүн Ж.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна.


Мөн ЗТХ-ийн сайд асан 1, ТНБД асан 2, аймаг, сумын Засаг дарга 2, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын 4, АТҮТ-ийн дөрвөн албан тушаалтан, боомтын захиргааны мэргэжилтэн 2, "Эрдэнэс Тавантолгой" компанийн 6, "Тавантолгой төмөр зам" компанийн 3, нэр бүхий хуулийн компанийн албан тушаалтан 14, мөн 22 иргэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татагдаад байгааг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэв.



Хэргийг шалгах явцад 17 хүнд цагдан хорих арга хэмжээ авснаас одоогоор 8 нь хоригдож байна. Үүнээс гадна улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх 4 арга хэмжээ авч, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир 94 үл хөдлөх буюу орон сууцны 83, оффисын 3 талбай, 5 зогсоол, 3 агуулах, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бонд зэрэг хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж. 

Холбоотой мэдээ