ХДХВ-ний халдвараас эдгэрсэн шинэ тохиолдлын талаар мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-03-01 13:40:27

БЕРЛИН. /kommersant/. Германы эмч нар чөмөгний үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар ХДХВ-ний халдварыг эмчилснээ зарлажээ. Энэхүү ховор тохиолдлын талаарх өгүүлэл “Nature” сэтгүүлд нийтлэгджээ. 


ХДХВ-ний халдвартай 50 гаруй насны уг өвчтөн халдвар дарангуйлах эм ууж байжээ. Халдвар авсан хүмүүс ийм эмийг насан туршдаа уудаг.  Энэ эм нь бие махбод дахь вирусний концентрацийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулж, ХДХВ тээгчдийг хэвийн амьдрах боломжтой болгодог аж. 


Гэвч өвчтөнд цусны хорт хавдар оношлогдож биеийн байдал нь хүндэрчээ. Энэ өвчин ХДХВ-ний халдвартай хавсарсан үед хүний биеийн дархлааны эрхтэн тогтолцоо энгийн эмчилгээг хүлээж авдаггүй тул өвчтөний биеийг асар хурдан доройтуулдаг байна. Тиймээс түүнд чөмөг шилжүүлэн суулгахыг санал болгожээ.


Мэс засал ч амжилттай болсон төдийгүй цусны хорт хавдрын шинж тэмдэг арилах шатандаа орсон байна. Уг өвчтөний чөмөгний донор нь ХДХВ-ийг дархлааны тогтолцооны эсүүдэд нэвтрүүлдэггүй ховор мутацитай байжээ.


Чөмөг шилжүүлэн суулгаснаас хойш зургаан жилийн дараа өвчтөн ХДХВ-ний эм уухаа больжээ. Одоо бол мэс засал хийснээс хойш арван жил өнгөрөөд байгаа бөгөөд өвчтөний биед ХДХВ байхгүй болохыг шинжилгээнүүд харуулсан байна. 


Өвчнөө ялж чадсан энэ хүн "Дюссельдорфын өвчтөн" гэгдэх болжээ. Тэрбээр ХДХВ-ийн халдвараас бүрэн эдгэрсэн гурав дахь хүн юм. Анхны тохиолдол 15 жилийн өмнө Германд бүртгэгдсэн бөгөөд "Берлиний өвчтөн" гэгддэг. Хоёр дахь нь 2020 онд эдгэрснийг нь зарласан "Лондоны өвчтөн" билээ. 


Эдгэрсэн өвчтөнүүдийн хэн нь ч нэрээ нууцлаагүй юм. “Берлиний өвчтөн”-ийг Тимоти Рей Браун гэдэг бөгөөд тэрбээр америк хүн бол “Лондоны өвчтөн” гэгддэг Адам Кастильехо нь Венесуэл гаралтай Британийн иргэн юм. 


ХДХВ-ний халдвараас эмчлэгдсэн өөр хоёр тохиолдлыг анагаахын бага хурлуудаар хэлэлцэж байгаа боловч  шаардлагатай шалгалтуудыг хараахан даваагүй байгаагаас гадна, тэдний эмчилгээний талаарх өгүүлэл шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдээгүй тул одоогоор албан ёсоор эдгэрсэнд тооцоогүй байна. 

Холбоотой мэдээ