Ө.Отгонбаатар: "Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь"-ийг бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-03-06 15:33:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жил, Төмөр замчид, тээвэрчдийн хэвлэл “Ган зам” сонины 65 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн ажиллагааг “Ган зам” паласт зохион байгууллаа. 


Баярын хурлыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлэхдээ, “Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөн түүхт 110 жилийн ойн энэ баярт өдөр "Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь" бүтээх шийдвэр гарсан тухай дуулгахад таатай байна. Энэхүү шийдвэрийг МСНЭ, "Монголын шилдэг нийтлэл, эрдэм шинжилгээ судалгааны төв" ТББ, Монголын Хэвлэлийн хүрээлэн, "Глоб интернэйшнл" ТББ хамтран гаргасан. Ажлын баг ажилдаа орсныг албан ёсоор дуулгаж байна” хэмээн онцлов.

 

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ илгээснийг МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр уншиж танилцууллаа. Уг мэндчилгээнд, “Улс орныхоо язгуур эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө үндэстнээрээ нэгдэж ойлголцож, улс төр, нийгмийн тогтвортой байдлын төлөө иргэдээ сайн сайханд уриалан дуудахад хэвлэл мэдээллийн байгууллагын манлайлал оролцоо чухал юм. Та бүхэн хууль бус үйлдэлтэй тэмцэх, шударга ёс тогтоох, соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ төр, ард түмнийг холбох гүүр нь байх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж байна. Тэдний нэг, ахмад сэтгүүлчдийн төлөөлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ хэлэхдээ, “Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдгийг биеэрээ мэдэрч явна. Би 90 нас хүрээд 14 хоногийн дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн. Тиймээс амьд байх нэг хоног гэдэг ямар үнэ цэнтэйг амьдралаараа мэдэрч явна. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн алба бол ажилд анх орсноос нүд аних хүртэлх хугацаагүй алба билээ. Тиймээс эрхэм сэтгүүлч та бүхэн урт удаан насалж, ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө нэгэн биеийн амьдралаа бүрэн зориулаарай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 

Түүнчлэн энэ үеэр сэтгүүл зүйн салбарт амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасан юм. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч Б.Батчимэг, Дорнод аймаг дахь сурвалжлагч Д.Дэлгэрмаа нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж, Төв аймаг дахь сурвалжлагч Г.Буянжаргал МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналын эзэн болов. Мөн эл өдөр МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүн нарыг батламжлах хариуцлагын гэрээнд гарын үсэг зурсан юм.


Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн түүхтэй. 1914-1920 онд “Нийслэл хүрээний сонин бичиг” гарч, сонины эрхлэгчээр ажиллаж байсан их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээнийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж түүхэн эх сурвалжууд үздэг. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгож байжээ. 





Холбоотой мэдээ