ИНЕГ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-02 09:22:41

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Л.Бямбасүрэн өчигдөр буюу энэ сарын 01-нд ажлаа хүлээн авлаа.

Түүнийг ажлаа хүлээн авахад ЗТХ-ийн сайд Б.Цогтгэрэл байлцаж, хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр, итгэл зүтгэлтэйгээр удирдаж иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхийг захив.

Л.Бямбасүрэн нь тус салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм. Тэрбээр Засгийн газрын бодлогыг нисэхийн салбарт амжилттай хэрэгжүүлж, салбарынхаа хамт олонтой сэтгэл нэгтэйгээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Л.Бямбасүрэн нь Нисэхийн дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, тээвэр зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. БНХАУ, Сингапур, Япон, Швейцарь зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 1994 онд иргэний нисэхийн салбарт ажлын гараагаа эхэлснээс хойш 20 гаруй жил тус салбарт ажиллаж буй. “МИАТ” компанид Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. 

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ