ТӨВ: “Нэг тэрбумаараа тэмцье -2023” алхалтад 150 иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-09 14:25:51

Зуунмод /МОНЦАМЭ/ “Нэг тэрбумаараа тэмцье-2023" эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө алхалтыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү алхалтыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж, аймгийн 150 иргэн оролцсон байна.



Аймгийн нийт хүн амын тоо 93181 байдгаас 45288 нь эмэгтэй байна. Үүнээс сүүлийн нэг жилд 0,5 хувь нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо судалгаа байдаг.  

Иймд тус үйл ажиллагаа нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй явдлыг таслан зогсоох, иргэдийн утга учиртай оролцоогоор дамжуулан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх үндэсний хөдөлгөөнийг бэхжүүлэх зорилготой юм.

 


Тус үйл ажиллагааны хүрээнд алхалт, “Гинжийг тасал” флаш моб бүжиг, “Бидний дуу хоолой явуулын самбар Жендэрт суурилан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх контент, нээлттэй микрофон зэргийг зохион байгуулжээ.


    

Алхалтад оролцсон Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч уг үйл ажиллагааны талаар хэлэхдээ, “Охид эмэгтэйчүүд бид бие болон сэтгэлзүйн хүчирхийлэлд ямар нэг байдлаар өртсөөр байдаг. Тэр дундаа бидний үеийнхэн хоорондоо харилцах үедээ алдаа гаргаж бусдыг сэтгэл санаагаар хэцүү байдалд оруулах, доромжлох зэрэг үйлдлүүд ил болон далд хэлбэрээр гарч байдаг. Иймд насанд хүрэгчид болон үеийн хүүхдүүдэдээ биеэ хамгаалах чадваргүй байдлыг минь ашиглахыг би болон найзууд маань зөвшөөрөхгүй. Тийм учраас өнөөдрийн үйл ажиллагаанд өөрийн дуу хоолойгоо хүргэхийг зорьж ирсэн. Биднийг ингэснээр бүх хүчирхийлэл зогсохгүй ч нэг ч гэсэн хүн хүчирхийллийн золиос болж байгаагаа мэдрээд түүнээс гарах арга замаа хайгаасай гэж хүсэж байна” гэв. 



“Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөн нь дэлхий даяар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө урлагаар дамжуулан нөлөөлдөг бөгөөд дэлхийн 200 гаруй улсад зохион байгуулдаг онцлогтой. Энэхүү хөдөлгөөнийг Монгол Улсад 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж, энэ жил 10 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

 

 

Холбоотой мэдээ