БАЯН-ӨЛГИЙ: Нэг өрхөд 4,2 хүн ногдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-10 11:16:40

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар, аймгийн нэг өрхөд дунджаар 4,2 хүн ногдож байна. Энэ нь улсын дунджаас 0,6 пунктээр өндөр үзүүлэлт юм.


Тус аймаг нь 25,6 мянган өрхтэй. Үүний 37,6 мянга нь аймгийн төвд, 62,2 хувь нь хөдөө сумдад амьдардаг. Аймгийн хэмжээнд 3-5 ам бүлтэй өрх нийт өрхийн 53.1 хувь, 6 ба түүнээс дээш ам бүлтэй өрх 28.6 хувийг тус тус эзэлж байна.


Баян-Өлгийд 1990 онд хүн амын өсөлт хамгийн өндөр байсан. Тухайн онд 20,3 мянган өрхтэй, нэг өрхөд 4,8 хүн ногдож байжээ. Түүнээс хойш энэ үзүүлэлт аажмаар буурч, 2010 онд нэг өрхөд 4,1 хувь ногддог болсон байна.


УИХ-аас 2004 онд “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газраас 2016 онд “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг батлан хэрэгжүүлсэн, хүүхдийн мөнгө, эхчүүдэд 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж олгодог болсон, хүн амын амьдралын чанар, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирсан зэрэг хүчин зүйлсийн үр дүнд хүн амын өсөлт дахин сэргэж, 2015 онд нэг өрхөд ногдох хүний тоо 4,2, 2020 онд 4,3 болж өсжээ.


Харин 2021 онд тухайн үзүүлэлт 0,1 пунтээр буурч, 4,2 болж буурсан ажээ. 

Холбоотой мэдээ