СҮХБААТАР: С.Батхүү: Дотоодын аялагчид замын хөдөлгөөн болоод уул овоонд мөргөх зан үйлд соёлтой ханддаг болсон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийг зорих аялагч жуулчдын хөл хөдөлгөөн их байсан. Энэ нь сар шинийн өдрүүдэд Алтан овоо, Шилийн богд хайрхныг Монгол орны өнцөг булан бүрээс иргэд зорин ирсэнтэй холбоотой. Энэ үеэр нөхцөл байдал ямар байсан, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн ажлын талаар аймгийн Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Батхүүгээс тодрууллаа.
-“Шилийн богд” хэсэгчилсэн арга
хэмжээний талаар ярианы эхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 15-ны өдрийг
хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь төрийн тахилгат
Алтан овоо, Шилийн богд хайрхныг зорин ирэх дотоодын жуулчид, тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг учир аймгийн Цагдаагийн газраас иргэдийн
амар тайван, аюулгүй зорчих, болзошгүй зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх зорилгоор “Шилийн богд” хэсэгчилсэн арга хэмжээг санаачлан,
аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хүрээнд зарцуулах шатахуун,
бусад шаардагдах зардлыг шийдвэрлүүлэн, Дарьганга сумын ЗДТГ, Дарьгангын
байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон нутгийн сайн дурын
иргэдтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
-Эдгээр өдрүүдэд Сүхбаатар аймгийг
хэдэн машин, хэчнээн иргэн зорин ирсэн бэ? Хамгийн холоос ирсэн иргэд?
-Сар шинийн баярын өдрүүдэд дээрх чиглэлд 4500 орчим тээврийн хэрэгсэл,
20000 гаруй иргэн, жуулчид зорин очсон бөгөөд баруун хязгаар Баян-Өлгий, Ховд,
Увс аймгаас Шилийн богд хайрхныг дотоодын жуулчид зорин ирсэн байна.
-Жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг
хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ авсан бэ?
-“Шилийн богд” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Асгат, Дарьганга, Шилийн богд уулын постуудад 24 цагаар үүрэг гүйцэтгэх байнгын 6 постыг ажиллуулж, орон нутгийн болон төвийн хэвлэл, мэдээллийн газруудтай хамтран үе шаттайгаар тухайн үеийн хөдөлгөөний эрчим, замын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн талаарх сэрэмжлүүлэг, иргэдийн зан үйлд эерэгээр нөлөөлөх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажилласан. Энэ нь ч үр дүнгээ өгсөн.
-Яг тухайн үед Баруун-Урт-Дарьганга
чиглэлийн авто замын нөхцөл байдал ямар байв? Энэ чиглэлд үйлдэгдсэн зөрчил бий юу, тийм бол
яг ямар төрлийн зөрчлүүд бүртгэгдэв?
-Өнгөрсөн баярын өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаан байсан учир цас ихээр
хайлж, замын нөхцөл байдал шавартай, халтиргаа гулгаа ихтэй хүндхэн байсан
хэдий ч Шилийн богдын чиглэлд ноцтой зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил Цагдаагийн
байгууллагад бүртгэгдээгүй. Энэ нь Цагдаагийн байгууллагаас зөвлөмж мэдээллүүд иргэдэд
хүрч, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцсоны илрэл гэж бодож байна.
-Замд саатсан, машин тэрэг нь суусан,
төөрсөн гэх хэчнээн дуудлага бүртгэгдэв. Энэ тохиолдолд ямар тусламжийг
үзүүлсэн бэ?
-Иргэд сүүлийн үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд ихээхэн анхаарч,
учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, аюулгүй байдлаа ханган зорчих
болсон байна. Шилийн богдын замд тээврийн хэрэгсэл саатсан, цас, шаварт суусан,
төөрсөн гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгдээгүй.
-Жуулчид, аялагчдын ачааллын үед
байгаль орчин, уул овоо бохирдох тохиолдол их гардаг. Энэ жилийн тухайд
ямар байв?
-Жил болгон сар шинийн баярын өдрүүдэд Шилийн богд хайрхан олон мянган
тээврийн хэрэгсэл, хүний хөлд дарагдаж, тэр хэрээр байгаль орчин бохирддог
байсан талаар тус сумын болоод байгалийн цогцолборт газрын хамгаалалтын
захиргаанаас иргэдэд мэдээлж байсан. Харин энэ жилийн хувьд урьд жилүүдтэй
харьцуулахад иргэд уул овоонд мөргөх зан үйлд ихээхэн ухамсартайгаар хандаж, харьцангуй
соёлтой болсон, байгаль орчинд бохирдол учруулах элдэв хог хаягдал үлдээлгүй,
уул овоонд өргөх идээ будаа нь хүртэл байгаль экологид бохирдол үүсгэхээргүй
болж байгаа талаар таатай мэдээ холбогдох газрууд болон жуулчны баазууд, нутгийн
иргэдээс мэдээлэл ирүүлсэн.
-Дараа дараагийн жилүүдэд зорин
ирэх аялагч, жуулчдад юуг анхааруулах вэ?
-Иргэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь төрийн тахилгат Алтан
овоо, Шилийн богд хайрхныг зорин ирэхдээ уул овоонд мөргөх зан үйлд
ухамсартайгаар хандаж, байгаль орчинд
бохирдол учруулах элдэв хог хаягдал үлдээлгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн
байдлыг хангаж, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, замын нөхцөл
байдалд хурдаа тохируулан, өөрийн болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд
эрсдэл учруулалгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, замын
хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-Баярлалаа.