АРХАНГАЙ: Төрийн банкны Архангай салбар батлан даалттай орон сууцны зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-13 09:42:21

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд зээлийн төлбөрөө хойшлуулсан орон сууцны ипотекийн зээлтэй 63 мянган иргэн зээлийнхээ эргэн төлөлтийг банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийн дагуу төлж эхэлсэн байна. Ингэснээр сард ойролцоогоор 40 орчим тэрбум төгрөгийн ипотекийн эргэн төлөлт төлөгдөж, ипотекийн зээлийг хэвийн үед байсан хэмжээнд үргэлжлүүлэн олгох боломжтой болжээ.

 

Ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 25 хувийг орон нутагт хуваарилан олгож байгаа бөгөөд Архангай аймгийн хэмжээнд 2023 оны эхний 2 сарын байдлаар 23 зээлдэгчид 1.55 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

 

14 зээлдэгчийн 917.2 сая төгрөгийн зээлийг орон сууцны Ипотекийн зээлийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрөөр санхүүжүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлдэгчийн тоо 3.8 дахин, олгосон зээлийн хэмжээ 4.8 дахин өссөн үзүүлэлт байгааг Монголбанкны Архангай дахь салбараас мэдээллээ.

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдийн урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах боломжтой болсон.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч урьдчилгаа төлбөр болох 30 хувьтай тэнцэх дүнг төлөхөд урьдчилгаа төлбөр болон төлбөрт барьцаалах боломжтой хөрөнгийн дутагдалтай тохиолдолд батлан даалт гаргана гэсэн үг юм.

 

Аймгийн хэмжээнд Төрийн банкны Архангай салбар нь батлан даалттай зээл олгохоор хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

 

Батлан даалтын хэмжээ урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувь байх бөгөөд 360 сар хүртэл хугацаатай, хураамж 10.0 мянган төгрөг, шимтгэл жил бүр батлан даалтын үлдэгдлийн 1.0% байх аж.

 

Зээл олгох зарчим нь зээлдэгч зээлийн хүсэлтээ бүрдүүлэх материалын хамт банканд өгч, зээлийн судалгааг хийнэ. Зээлийн батлан даалтын сан, банкнаас материалыг хүлээн авч, батлан даалтын судалгааг хийж, батлан даалтын хорооны шийдвэр гаргана. Банк, зээлийн батлан даалтын сан болон зээлдэгч нар гурвалсан зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбараа УБЕГ-т бүртгүүлснээр зээлийг олгох ажээ. 

Холбоотой мэдээ