Самар түүх хураамжаас улсын төсөвт 15.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-03-13 13:27:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс самар түүх зөвшөөрлийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар олгодог бөгөөд эдгээр хураамжаас улсын төсөвт өнгөрсөн онд 15.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


Самрын ургац багатай жил ахуйн зориулалтаар бэлтгэх зөвшөөрлийг олгодог бол ургац арвин жил үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрөл олгодог. Орон нутгийн Засаг дарга, байгаль хамгаалагч, хууль хяналтын болон татварын байгууллага, МҮХАҮТ, БОАЖЯ-ны оролцоотой хяналтыг сайжруулж байгааг БОАЖЯ-ны Ойн газрын дарга Б.Оюунсанаа тэмдэглэв.


Манай улс 2020 онд 16 мянган тонн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 14 тэрбум, 2021 онд 4.9 мянган тн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 3.9 тэрбум, 2022 онд 9.6 мянган тонн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 15.8 тэрбум төгрөг төсөвт оруулжээ. Ахуйн зориулалтаар самар түүхэд иргэн килограмм тутамд 1000 төгрөг төлж, 50 кг хүртэл самар бэлтгэх боломжтой. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар түүхэд килограмм тутамд 1400 төгрөг тушаадаг аж. Ойн тухай хуульд иргэн, ойн нөхөрлөлд, ААН, байгууллагад ойн дагалдах баялгийн нөөц ашиглах зөвшөөрлийг тухайн орон нутгийн Засаг дарга олгоно гэж заасан байдаг. БОАЖ-наас ойн дагалдах баялаг хуш модны самар боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийн35 аж ахуйн нэгжийг хамруулснаас 14 байгууллагад 20.5 сая төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулжээ.


Монгол орны ойн сангийн 5.1 хувийг хуш мод эзэлдэг бөгөөд 10 аймгийн 46 сум, нийслэлийн ногоон бүс, тусгай хамгаалалттай газруудад, нийт 612,000 га талбайд тархан ургадаг. 

 

Холбоотой мэдээ