ХОВД: ИТХ-ын төлөөлөгчид эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-14 16:59:45

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын ажлын алба, Нэгдсэн эмнэлэг (БОЭТ) хамтран өнөөдөр “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ үeэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй ажлын бүрэлдэхүүн эмнэлгийн тасаг нэгж, амаржих газар, эрүүл мэндийг дэмжих төвийн үндсэн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтуудын талаар санал бодлоо солилцлоо.

Одоогоор Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг нь 23 тасагтай. Энд 500-аад эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн тус байгууллага эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээжийг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмч боловсон хүчнийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдэд ээлтэй, таатай орчин  бүрдүүлэх чиглэлд  анхаарч ажиллаж иржээ.

Түүнчлэн “Чадварлаг эмч, мэргэжилтэн”, “Эрүүл эр хүн” гэх мэт аймгийн дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, баруун бүсийн хэмжээнд анхдагч болсон зарим эмчилгээ, мэс ажилбарыг орон нутагтаа шинээр нэвтрүүлсэн байна.

Цаашид  эмнэлгийн  хаягжуулалт хийх, дэд бүтэц, засвар шинэчлэлийн ажил хийхтэй холбоотой саналыг эмч нар ярьж байв.

Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Өнөөдрийн үйл ажиллагаа нь 2023 оны нэгдүгээр улиралд анхлан өрнөснөөрөө онцлогтой.  

Холбоотой мэдээ