ӨВӨРХАНГАЙ: Үндэсний бичгээр захидал бичих уралдаанд 92 бүтээл ирүүлжээ

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2023-03-14 18:24:56

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аман соёлын үнэт өв болон бэлгэ дэмбэрэлийн үгийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичгээрээ зөв сайхан бичиж сурахыг олон нийтэд уриалах, авьяас билгийг дэмжин хөгжүүлэх зорилгоор "Амар байна уу?" сэдэвт уралдааныг аймгийн СУГ, БШУГ-аас зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгарууллаа.

Уралдаанд оролцогчид аав ээж, ахан дүүс, нутаг нугынхандаа зориулан үндэсний бичгээр бэлгэ дэмбэрлийн үгс бүхий захидлыг бичсэн бөгөөд зөв, сайхан бичиж буй байдлаа дүрсжүүлэн холбогдох байгууллага руу илгээсэн юм.




Захидлын уралдаанд 92 бүтээл ирүүлснээс насанд хүрэгчдийн ангилалд Бат- Өлзий сумын иргэн Ц.Баасанжав, Арвайхээр сумын иргэн Б.Баярмаа, Хархорин сумын ЕБС-ийн багш И.Чулуунцэцэг нар эхний гурван байрыг эзэллээ.

Ахлах ангийн сурагчдаас Хархорин сумын ЕБС- ийн 12 дугаар ангийн сурагч Б.Ариунсанаа, Хужирт сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч М.Цэгц, Арвайхээр сумын ЕБ- ын I сургуулийн 10г ангийн сурагч н.Чанцалдиймаа нар эхний гурван байрыг эзэлж, тусгай байранд Нарийнтээл сумын иргэн Э.Ариунтуяа шалгарлаа.

Мөн “Энх мэндийн аялгуу” ардын дууны уралдаан, “Золгох нутаг” гар зургийн уралдааныг дүгнэж, шилдэг оролцогчдыг шалгаруулсан юм.