Төсвийн хэмнэлтийн горимд шилжих үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-02 14:32:59

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаас бүх шатны төсвийн шууд захирагч, сумын Засаг дарга, санхүүгийн албаны дарга нарт төсвийн хэмнэлтийн горимд шилжих, тэвчиж болох зардлыг гаргахгүй байх талаар үүрэг чиглэл өглөө.

Наймдугаар сарын 30-ны өдөр гарсан уг албан бичигт цалин хөлс, НДШ, тогтмол зардлуудаас бусад ялангуяа тавилга, эд хогшил, урсгал засвар, бусад бараа үйлчилгээний болон хөрөнгийн холбогдолтой зардлуудыг гаргахгүй байх, төсвийн хөрөнгөөр хурал зөвлөгөөн, сургалт зохион байгуулах тоо давтамжийг багасгах, төсвийн байгууллагын машин унааны түлш, шатахуун, гадаад дотоод албан томилолтын зардлыг бууруулах, хууль бус тэтгэмж урамшуулал, шагнал олгохгүй, гадаад дотоодын тойрон аялал, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байхыг үүрэг болгов.

Түүнчлэн, шинээр ажилтан авахгүй, төсөвт батлагдаагүй шинэ орон тоо нэмэгдүүлэхгүй байх, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт зарлахгүй, гэрээ байгуулахгүй, ажил нь эхлээгүй хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авахыг мэдэгдэв.

Энэхүү үүрэг чиглэлийн биелэлт хэрэгжилтэнд эргэн хяналт тавих ба ажил дүгнэх нэгэн үзүүлэлт болголоо.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ