ӨВӨРХАНГАЙ: Хархорум музей дэх археологийн олдворуудаас...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-20 15:31:08

Арвайхээр /МОНЦАМЭ/. Музейн байгууллагын олон талт үйл ажиллагаа явуулах стандарт шаардлагыг хангасан түүх-археологийн "Хархорум музей”-д чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, эртний улсуудын үе, Их Монгол Улсын үед хамаарах гурван мянга гаруй эд өлгийн зүйл, археологийн олдворыг хадгалж хамгаалдаг.


Тус музейг Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2010 онд барьж байгуулсан бөгөөд Орхоны хөндий, Хархорум хотын тууриас олдсон биет олдворуудыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах чиг үүрэгтэй ажиллаж байна. 


Музейн сан хөмрөг дэх үнэт олдвороос сонирхуулахад;


АЛБАН ТАМГА

Уг тамганд дөрвөлжин бичгээр “Сангийн яамны сайдын тамгалах тамга” хэмээн бичсэн бөгөөд, бариулын зүүн талд нангиад бичгээр "Аюуширидар хааны төр барьсны хоёрдугаар оны гуравдугаар сард Ёслолын яамны тамгын газраас олгосон" тухай бичжээ. Энэхүү тамга нь Умард Юань улс Хархорумд 1370 оноос хойш ч тогтнон байсан түүхэн баримтыг археологийн үүднээс баталдаг аж.


ЭЛДЭВ ОЧИРЫН ДҮРСТЭЙ ХЭВ
Элдэв очир нь эвдэршгүй бат бөх, өнө мөнхийн бэлгэдэл юм. Ийм дүрслэл бүхий хэв Хархорум хотын тууриас илэрсэн нь монголчуудын хувьд уг бэлгэдлийг XIII-XIV зуунд ч эрхэмлэж байсныг илтгэдэг.


ТЭРЭГНИЙ ЦӨН
Хархорум хотын тууриас том, жижиг олон төрлийн тэрэгний цөн ихээр олддог байна. Энэ нь Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотод төмөрлөгийн үйлдвэр байсныг гэрчлэх баримт гэж эрдэмтэд үздэг аж.


ЗАРЛИГИЙН БИЧИГТЭЙ ХӨШӨӨ
Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар 1347 онд Хархорум хотод босгосон нүүрэн талдаа монгол бичигтэй хөшөөний хэсэг. Хөшөөнд Чингис хаан 1220 онд Хархорумыг нийслэл болгох зарлиг буулгасан тухай дурдсан байдаг аж.


ЕГИПЕТИЙН ФАРАОНЫ НҮҮРИЙН ДҮРС
Хархорум хотын нутаг дэвсгэрээс 1975 онд Эртний Египтийн фараоны багийг илрүүлсэн бөгөөд уг дурсгал нь XIII-XIV зууны үед монголчууд Ази, Европ төдийгүй Араб, Африк зүгийн улс орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаатай байсныг гэрчлэх биет олдвор юм.

ХАРХОРУМ ХОТЫН ТУУРИАС ИЛЭРСЭН ХӨХ ЦАГААН ТАВАГ
Тавгийн гадна талын хүрээг үүлэн хээ бүхий бадам цэцгийн дэлбээ мэт харагдахаар чимэглэж, дотор хүрээг тойруулан хулууны навчин хээ болон удвал цэцгийн дэлбээг дүрсэлжээ. Ёроолд нь навч, цэцэг, нугас, тогоруу зэргийг нуурт байгаа мэтээр дүрслэн чимжээ.


БУДДЫН ИХ СҮМИЙН ШҮНШИГ
Хархорум дахь Буддын сүмийн суурийн дөрвөн булангаас тус бүр нэжгээд тагтай вааран сав илэрсэн байна. Ваарны дотор нь алт, мөнгө, сувд, оюу, номин, торго, алтадмал модон эдлэл, цай, арвай, будаа, үр жимс зэрэг эд зүйлийг хийж, есөн эрдэнийг бэлгэдсэн зүйлээр шүншиглэжээ.


ХОЛХИВЧ НУМЫН ХЭСЭГ
Хүрлээр цутгаж хийсэн Хүннүгийн үед холбогдох оньсон нумын хэсгүүд. Одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Мангасын хүрээ хэмээх газраас олдсон. Энэхүү газрыг Хүннүгийн үеийн цэргийн бэхлэлт суурин байрлаж байсан газар гэж үздэг аж.


ХАРХОРУМЫН ХОЁРДУГААР МОНГОЛ БИЧЭЭСТ ХӨШӨӨ
1348 онд уг хөшөөг босгосон тухай хятад бичээсээр тодорхой өгүүлжээ. Нүүрэн талын дээд хэсэгт хятадын уламжлалт тамганы бичгээр “Хүнсний хангамжийг хураасны дурсгалд зориулсан бичээс” хэмээсэн ба түүнээс доош таван мөр монгол бичиг болон хятад ханз сийлжээ. Ар талын дээд хэсэгт 4 мөр монгол бичээс их бие нэлдээ хятад ханзтай.
Бичээсийн утга: Давааны арыг захирах Төлөөлөгчийн газрын Баруун жигүүрийн туслагч Тэмүгэ, Баруун, зүүн жигүүрийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Жанги, Хархорум хотын захирагч Мусавир нар амуу болон хүнсний зүйл амжилттай хураасны дурсгалд зориулан босгосон тухай аж.

ШАВАР МОРЬТОН
Нарийн ширхэгтэй шар шавраар хавтгай суурь хийж, нарийн төмрөөр морины дөрвөн хөлийн голын тулгуурыг хийж шавраар шавардан морины их биеийг залгаж урласан байна. Морины дотор тал нь хөндий, толгойг нь тусгайлан урлаад хооронд нь залгаж наан галд шатаагаад олон өнгийн будгаар хуяг, эмээл, хазаар зэргийг ялган зуржээ.


БАГА ЭРЭЭНИЙ ХҮН ЧУЛУУ ХӨШӨӨ
Хархорин сумын нутаг сумын төвөөс зүүн урагш 30 км зайтай, Бага Эрээн уулын зүүн урд энэ дурсгал оршдог. Хөх саарал өнгийн урт гонзгой занар чулууны нэг талд хүний нүүрний дүрс гарган сийлсэн хүн чулуун хөшөө бөгөөд энэхүү хөшөөг 1989 онд судлан шинжилж, хийц загварыг нь үндэслэн Түрэгийн үед холбогдуулан үзжээ. Уг хүн чулуун хөшөөг босгож тавибал бороо цас орж, тэнгэр муухайрдаг гэсэн домог яриа нутгийнхан дунд яригддаг.


МОНГОЛ ДЭЭЛ ХУВЦАСТАЙ ХҮНИЙ БАРИМАЛ
Хархорум хотын туурийн Буддын их сүмийн малтлагаар олон мянган ширхэг шавар эдлэлүүд илэрсэн бөгөөд тэдгээрийн дотроос монгол дээл дүрсэлсэн шавар баримлын хэсгүүд олдсон юм. Юань улсын үед хятадууд монголчуудыг дүрслэхдээ зөв энгэртэй дээлтэй дүрсэлдэг байсан. Мөн XIII-XIV зууны хүн чулуун хөшөөнд монгол эрчүүд зөв энгэртэй дээл өмсдөг байсныг харуулдаг. Дээлний хормойн үзүүрийг тэгшхэн дарсныг үзвэл энэхүү барималд хөл дүрслээгүй бололтой. Баримлыг хөндий хийсэн нь тэр үеийн Хархорумын шавар борлуулалтын урлагт ховор тохиолддог зүйл юм.


НУМЫН ЯСАН НААЛТ, ГИЧИР
Монгол, Хятадын хамтарсан хээрийн шинжилгээний анги 2014 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Талын гурван хэрэм хэмээх дурсгалд археологийн судалгаа явуулан Жужаны (IV-VI зуун) үед холбогдох нэгэн булш илрүүлсэн. Уг булшнаас алтан чимэглэл, гоо заслын хүрэл эдлэлүүд илэрснээс гадна хүний цээжин хэсгээс нумын ясан наалтын хэсгүүд олдсон байна.

ГАЛ АСААГУУР
Жужаны үеийн (IV-VI зуун) модон гал асаагуур. Нэг талын үзүүртээ нарийн оосор ороох ховилтой бөгөөд энэ нь бүсэнд зүүх зориулалттай байжээ. Монгол, Хятадын хамтарсан хээрийн шинжилгээний анги 2014 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Талын гурван хэрэм хэмээх дурсгалт газар дах булшны малтлагаас илрүүлсэн байна.


СОРЬЦЫН ЧУЛУУ
Монгол-Германы хамтарсан "Хархорум" экспедиц уг олдворыг илрүүлжээ. Сорьцын чулуу нь дархны газрын үндсэн багаж хэрэгслийн нэг бөгөөд үнэт төмөрлөгийн чанарыг шалгахын тулд металл эдлэлийг түүн дээр зурж үзэж шалгадаг байна. Уг чулууны хоёр тал нь янз бүрийн төмөрлөгийг сорьж, зурж үзсэний ул мөр бүхий зураасуудтай аж.


АЛТАН БУГУЙВЧ
Хархорум хотын гар үйлдвэрлэлийн дүүргээс илэрсэн алтан бугуйвч хэвийн хамт. Бугуйвч дээр нисэж буй галт шувууг бадам цэцгийн дэлбээ мэт сүйхэлжин хэлбэртэй хээгээр хүрээлж, хоёр талд нь зээ бад дүрсэлсэн байна. 


ХООВОН
Хархорум хотын тууриас олдсон, төмрөөр цутгаж хийсэн гурван хөлтэй энэхүү хоовон нь эгц ханатай бөгөөд дээр нь хас хээгээр чимэглэжээ.

Холбоотой мэдээ