“Хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага” сэдвээр ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-09-02 16:33:41

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/, МҮОНРТ, БНСУ-ын төв телевиз KBS, “Эм Ай Ю” дээд сургууль  зэрэг байгууллага хамтран өнөөдөр "Хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага" олон улсын симпозиум зохион байгууллаа.

Симпозиумд оролцогчид хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны талаарх боловсролын тогтолцоо, цахим ертөнцийн чиг хандлага, өнөөгийн байдал, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын туршлагаас суралцах, гадаадын зарим байгууллагатай хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцав.

Мөн БНСУ-ын KBS телевизийн дэмжих сангийн захирал Ли Инху “Үндэстнийг бүтээх болон хэвлэл мэдээлэл”, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах “Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага”, “Эм Ай Ю” дээд сургуулийн дэд захирал, доктор Ли Чангин “Сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл, холбоо харилцааны сургалтын хандлага, “Эм Ай Ю” дээд сургуулийн сургалтын хөтөлбөр”, Сиракюс их сургуулийн олон нийтийн харилцааны сургуулийн багш, доктор Лим Жүнсү “Хэвлэл мэдээллийн салбар дахь цахим болон сошиал ертөнцийн нөлөө”, МУИС-ийн сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, профессор М.Зулькафиль “Монголын сэтгүүлзүйн сургалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Энэхүү симпозиумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын салбар хариуцсан холбогдох албаныхан, Гадаад хэргийн яам, БСШУЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлзүйгээр мэргэжилтэн бэлтгэдэг зарим их, дээд сургуулийн удирдлага, багш оюутны төлөөлөл оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ