БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-22 08:22:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын ILAC байгууллагын гишүүн, БНХАУ-ын CNAS-аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.


Итгэмжлэлийн мэдээллийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарласан байна. Албан ёсны итгэмжлэлийг батламжилж Гаалийн ерөнхий газарт гэрчилгээ, тамга, тэмдгийг  гардуулан өгчээ. Ингэснээр Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт бүрэн хүлээн зөвшөөрөх төдийгүй энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж буй аж ахуйн нэгжүүдэд гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг бизнесийн тааламжтай нөхцөл бүрдүүлж өгөх юм.


Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих хүрээнд “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийг ийнхүү амжилттай хэрэгжүүлжээ. 


Холбоотой мэдээ