Алтангэрэлт судрыг анх удаа ноолуур дээр барлаж бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-21 13:47:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын "Алтангэрэлт судар оршвой" номын нээлт, үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилж байна.


Өмнө нь Хутагт Алтангэрэлт судрыг таван удаа хэвлүүлж байсан Б.Батбаяр Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судар оршвой” төслийг санаачлан энэ удаа монгол ямааны ноолуур болон даавуун дээр барлаж хэвлүүлснээрээ онцлогтой.

Алтангэрэлт судар холоос олдох олзыг наашлуулж ирүүлэх, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах хийгээд түүний хүч чадал нь үгээр хэлшгүй увидастай тул айл бүр хоймортоо залбаас гай барцад бүхнийг гэтэлгэж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрдөг гэж ном сударт дээдсүүд бичиж үлдээсэн байдагМанай монголчууд эрт дээр үеэс энэхүү судрыг айл болгон дээдлэн шүтэж ирсэн бөгөөд одоо ч гэсэн тэр уламжлал тасраагүй байна. 


Үзэсгэлэнг зохион байгуулагч Ю.Баасанжаргал хэлэхдээ, “1640-өөд оны үед шарын шашны III Богд “Алтангэрэлт судар бол Ганжуур, Данжуурын дотроос хаан судар нь юм. Монголчуудад зохистой судар учир айл бүр гэртээ байлгах учиртай” гэж айлдсан юм гэнэ билээ. УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаяр уран бүтээлчидтэй хамтран “Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судар оршвой” хэмээх төслийг 2021 оны 10 дугаар сараас хойш эхлүүлсэн нь жил гаруйн дараа ийнхүү олны хүртээл болж байна. Цаасан дээр буулгасан энэхүү судрыг ноолуур, даавуун дээр буулгах санаа төрсөн юм билээ. Ингэхдээ дархан, мужаан, зураач, бурхан урлаач гэхчлэн шилдэг бүтээлчдийн хамтын бүтээлээр энэхүү судар бүтсэн. Улаан модоор шогол хийж, 24 лан мөнгөөр чимэглэсэн шоголд ноолууран дээр нийт 21 бүлэгтэй, 101 хавтас буюу 200 нүүр Алтангэрэлт судрыг төвөд үсгээр бүтээсэн. Алтангэрэлт судрыг бүтээх, түгээх, тайлбарлах нь хязгааргүй буян гэж сургаалд заасан байдаг. Энэхүү судрыг Б.Батбаяр орчин цагийн монгол хэлээр хөрвүүлсэн” хэмээв.  


Энэ судар нь анх Энэтхэгт самгарди хэлээр бичигдэж VII зууны үеэс олон хэлээр орчуулж эхэлжээ. Монголд шарын шашин дэлгэрч байх үед “Бодь мөрийн зэрэг”, “ Молом тойны үлгэр”, “Мялын намтар”, “Хутагт Алтангэрэлт судар” зэрэг буддизмын гол сургаал бүтээлүүдийг анхлан монгол хэлнээ орчуулан дэлгэрсэн байна. Харин энэ удаа монголчуудын өв соёл уламжлалыг хослуулан ноолууран дээр барлан анх удаа хэвлэгдэж байгаа нь гол онцлог юм.


Судрыг бүтээхэд олон хүний хичээл зүтгэл шингэжээ. Анх удаа ноолууран дээр судар хэвлэх нь чамгүй хүнд ажил байсан бөгөөд уламжлалт барлах аргыг сонгон хэвлэх болсон байна. Түүнчлэн шоголыг нь хийхэд мужааны ур дүй их шаарджээ. Шоголыг хийсний дараа монгол дархчуудын ур хийцийг харуулан улаан модон шогол дээр мөнгөн хээ угалз шигтгэсэн нь давтагдашгүй урлагийн бүтээл болсон байна. Зөвхөн мөнгөн хээ угалзаас гадна зарим шоголыг уран зураг, монгол хээ угалзаар чимсэн нь монгол урчуудын чансааг харуулахаас гадна энэхүү судар нь монгол уламжлал соёлын бүрэн цогц бүтээл болсныг илтгэж байна.

“Говь” ХХК, "Кашмер арт” ХХК, “Кашмер конселт” ХХК зэрэг компани олон сарын хөдөлмөр зарцуулан 100 хувийн ноолууран даавуун дээр хэвлэсэн байна. Энэхүү судрыг 21 ширхгийг бүтээх бөгөөд Оюуны өмчийн газраас ноолуур, даавуу, торгон дээр хэвлэсэн бүтээл хэмээх зохиогчийн эрхийн 50 жилийн хугацаатай гэрчилгээг олгожээ.

Энэ дэлхий дээр амар амгалан оршоосой хэмээн хүссэн хэн бүхэн Алтангэрэл судрыг унших учиртай. Энэ нь бие, сэтгэл эрүүл байх, урт удаан наслах, амжилт бүтэлээр арвин байхын тухай ихэд чухал номын үйл юм. Алтангэрэлт судрын  хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байдагт оршдог ажээ.


Тус үзэсгэлэнд Б.Батбаярын хувийн “Бадамханд” галерейн цуглуулгаас долоон сахиус зээгт наамал, Төрийн шагналт, Ардын зураач Ш.Чимэддоржийн “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Найзын хөрөг”, С.Жамсрангийн “Хатгамалч эмэгтэй”, “Монгол эмэгтэй” уран зураг, дархан Б.Занабазарын “Мөнгөн гуу”, "Алтангэрэлт судрын хүрд" зэрэг бүтээлийг дэлгэж, үзэгчдийн хүртээл болгож байна.










Холбоотой мэдээ