НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар яаралтай хуралджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /NHK/.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ тив
алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан яаралтай хуралджээ.
АНУ, Япон зэрэг
улсуудын хүсэлтээр даваа гарагт хийсэн хуралдааны үеэр Барууны орнуудын
төлөөлөгчид БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн шүүмжилсэн
байна.
БНАСАУ өнгөрсөн
пүрэв гарагт Япон тэнгис рүү пуужин харвасан бөгөөд түүнээс нэг хоногийн дараа “Hwasong-17” пуужинг “харвах сургуулилалт” хийсэн гэдгээ
мэдэгдсэн юм.
АНУ-аас НҮБ-ын
дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хуралдааны үеэр Хятад,
Оросыг Аюулгүйн Зөвлөлд саад учруулж байна гэж буруутгаад, тэд “Пёньяныг ямар
нэгэн шийтгэлгүйгээр баллистик пуужин хөөргөхийг дэмжиж байна” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр
БНАСАУ-аас Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг дагаж мөрдөхыг шаардсан мэдэгдэл
гаргах санал дэвшүүлсэн байна.
Японоос НҮБ-д
суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Шино Мицүкогийн хувьд АНУ-ын саналыг дэмжиж
байгаагаа илэрхийлээд, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд
үүргээ биелүүлэхийг гишүүн орнуудад хандан уриалжээ.
Харин Хятад,
Оросын талууд АНУ-ын саналыг эсэргүүцсэн бөгөөд Хятадын төлөөлөгч уг саналыг
бүтээлч биш хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр бүс нутгийн хурцадмал байдал
даамжирч байгаад Солонгосын хойгийн эргэн тойронд явуулж буй АНУ-ын цэргийн
сургуулилалтуудыг буруутгажээ.