ХОВД: Өсвөр насны охидын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-22 12:47:30

Жаргалант /МОНЦАМЭ/. Амьдралын зөв дадал хэвшил нь олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломж бүрдүүлдэг.

Иймээс өсвөр насны охидын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, бэлгийн бойжилт, бэлгийн замаар дамжих халдвар, жирэмслэлтээс сэргийлэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Рашаант өрхийн эрүүл мэндийн төвөөс “Нийгмийн эрүүл мэнд ба мэдээлэл сургалт сурталчилгаа” аяны хүрээнд санаачлан зохион байгуулж байгаа юм.  

Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан "Өсвөр насны эрүүл мэндийн 7 хоног"  үйл  ажиллагаатай уялдуулан  Өсвөр насны кабинетын эмч болон сургуулийн эмч нартай хамтран хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.

Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл 80 гаруй хүүхэд хамрагдаж, өсвөр насны хүүхдийн өсөлт, хөгжил, эрүүл мэнд, эрсдэлээс сэргийлэх арга замын талаар шинэ мэдлэг, ойлголттой боллоо.

Энэхүү сургалтын үр дүнд "өсвөр насны охидын жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийг бууруулах боломж өргөжинө" гэж эмч нар хэлж байна.

Ташрамд сонирхуулахад  өсвөр үеийн хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор  Ховд аймагт Өсвөр үеийн кабинетыг шинэчлэн байгуулж, стандартын дагуу ажиллуулж байна.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн 4 дүгээр давхарт тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа Өсвөр үеийн кабинетаар хүүхдүүд үйлчлүүлж, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

Мөн харьяа өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нараас зөвлөгөө мэдээлэл авч, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамрагдах боломж нээлттэй байна.

Өсвөр үeийнхэн гэдэг нь 10-19 насны хүүхэд юм. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охидын төрөлт нэмэгдэх үзүүлэлт ажиглагдаж байгаа.


Монгол Улсад жилд 80 орчим мянган төрөлт бүртгэгддэгээс 5 хувийг нь өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байна. Үүнээс гадна залуучуудын 60 хувь нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй талаар судалгаа гарчээ. 

Иймээс өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аливаа өвчлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий нөлөөллийн ажил, сургалтуудыг өрхийн эрүүл мэндийн төв болон бусад мэргэжлийн байгууллагууд үе шаттай хэрэгжүүлж буй. 

Холбоотой мэдээ