ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-24 21:19:31

Дархан /МОНЦАМЭ/. Икэлийн татлага, биелгээний нэгдмэл хэлбэр нь гэрийн театрчилсан тоглолт бөгөөд монголчуудын соёл, урлагийн гайхамшигт өв юм. Ойрад монголчуудын бүтээсэн ардын урлагийн хосгүй бахархал болсон икэл, биелгээгүйгээр баяр цэнгэл, найр наадмын алиныг ч төсөөлөхөд бэрх юм. Тэгвэл энэхүү соёлын биет бус өв, ардын бий биелгээний арга барил, биелэх онцлог, зан үйлийн боловсрол олгох, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, танин мэдүүлэх, орон нутагт бий биелгээг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх зорилготой 15 хоног үргэлжлэх "Угсаатан бий" сургалт нээлтээ хийлээ.



Сургалт сонирхогчын болон мэргэжлийн анги гэсэн хоёр төрлөөр өдөр бүр хоёр цагийн хичээл орох аж. Соёлын биет бус өвийг өвлүүлэх үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг сургалтыг "Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүн, Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагч, хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч, Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч МУУГЗ Гэндэнгийн Баяртай багш удирдан явуулах юм.



Мэргэжлийн түвшний сургалтад Залуучууд театрын бүжиг ангийн бүжигчдийн 80 орчим хувь нь хамрагдаж байна. Мөн сумдын соёлын төвийн бүжгийн багш, ЕБС, СӨББ-ын дуу, хөгжмийн багш нар хамрагдаж байна. Сонирхогч болон мэргэжлийн ангид нийт 70 гаруй хүн бүртгүүлсэн аж.


Бий биелгээ өвлөн уламжлуулахад олон учир байдаг аж. Биелгээ заах гэдэг нь зөвхөн гарын хөдөлгөөн бус тухайн үндэстэн, ястны биелгээний түүх, домог, бий биелгээнд холбогдох зан үйл, биеэрээ мэдрэхээс гадна сэтгэлээрээ мэдэрч суралцах арга барилыг заах ажээ.




Мэргэжлийн ангийн сургалтад хамрагдаж буй бүжигчдэд сертификат олгох бөгөөд цаашид багшлах, түгээн дэлгэрүүлэх, улс, бүс, олон улсын түвшинд соёлын биет бус өвийг суралталчлах ажилд оролцох эрхтэй болох аж. Уг төслийг УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга, ЭЗШУ-ны доктор Б.Баттөмөрийн дэмжлэгээр аймгийн Соёл, урлагийн газраас эрхлэн зохион байгуулж байна.




Сургалт ирэх сарын 6-ны өдөр хүртэл 15 хоног үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээ