ӨМНӨГОВЬ: Т.Буянхонгор:“Говийн амт” брэндээр говийн цагаан идээний амт, чанарыг таниулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-28 10:02:45

Даланзадгад /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын 4 дүгээр багийн иргэн Б.Чинзүрх, Т.Буянхонгор нар гэр бүлийн хамт "Говийн амт" брэндийг үүсгэн байгуулжээ.

Тэд үнээний сүүг худалдан авч боловсруулан, Монголын уламжлалт цагаан идээгээ өөрийн гараар бэлтгэн хэрэглэгчдэд хүргэж байна. “Говийн амт” хэмээх нэрийн брэндийг бий болгож бүтээгдэхүүн бүрдээ сэтгэл зүрхээ зориулж хэлбэр загвар, сав баглаа боодлын санааг нь өөрөө гаргадаг. Бүтээгдэхүүн хийх санааг хадам эгч нь анх санал болгожээ. Мөн хэрхэн цагаан идээг уламжлалт аргаар боловсруулахыг заасан бөгөөд Т.Буянхонгор өөрөө орчин цагтай хоршуулан хийх зарим аргыг интерннэтээс судалж бүтээгдэхүүндээ шинэ санаа болгон ашиглажээ. Харин саяхнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хамрагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Ийнхүү “Говийн брэнд”-ийг үүсгэн байгуулагч Төмөрбаатарын Буянхонгортой  ярилцлаа.

 

-“Говийн амт” брэндээ хэрхэн эхэлж байсан бэ?

- Хадам эгч маань хөдөө үнээний сүүгээр цагаан идээ боловсруулдаг байлаа. Цагаан идээгээ нутгийн иргэдэдээ таниулж мэдүүлэх юмсан гэж их ярьдаг. Үүнийг та хоёр л чадна даа гэж урамшуулан зааж өгч биднийг зоригжуулсан хүн бол хадам эгч. Манай говийнхон үхрийн цагаан идээ гэхээр ихэнх нь хангайн цагаан идээгээр төсөөлдөг. Гэтэл говийн үхрийн цагаан идээ их өөр. Амт чанартай, илчлэг ихтэй хүний биед их олон талын ашиг шимтэй. Манай үйлчлүүлэгчид орж ирээд бүтээгдэхүүнийг амсаад ямааны шүүрмэг хэд вэ гэж асуудаг.




- Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх явцад тулгамдах асуудал багагүй тулгардаг байх даа?

-Ер нь өнөөдрийг хүртэл брэндээ үйлдвэрлэж хөгжүүлэхэд тулгамдах асуудал их бий. Жишээ нь гэхэд өнөөдөр үйлчлүүлэгч 70 багц авъя гэвэл шууд боогоод өгч чадахгүй байна. Түүхий эд, материал нөөц гээд бусад тулгамдсан асуудлууд их гарна. Одоо ч гэсэн үйл ажиллагаа хөгжүүлэлтийн үедээ л явж байна. Явц дундаа улам боловсронгуй болоод хөгжөөд дэвжээд л байгаа. Санхүүгээсээ болоод санаснаараа зарим үед хийх боломж бага байдаг. Манай хэрэглэгчид харьцангуй олон болсон. Хувь хүн, байгууллагууд хот хүрээ, гадаад улс руу бэлгэнд өгнө гээд авчихдаг. Тиймээс нөөцөлж чадахгүй юм. Саяхан аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хамрагдаад шинээр тоног төхөөрөмжтэй болсон.





-Одоогоор хэдэн хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна?

-Шинэ тоног төхөөрөмжтэй болсон болохоор 2 хүнийг ажилд авч сургаж байна.


-Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ илүү хүргэхийн тулд юунд анхаарч ажиллаж байна вэ?

-Эрүүл аюулгүй, эко талаас нь их бодож анхаарч байгаа. Бүтээгдэхүүнийхээ орц найрлага, сав баглаа боодол нь ямар байвал эрүүл аюулгүй байх вэ гэдгийг судалж, олон нийт, цахим орчноос, мэргэжилтнээс их асууж туршлага хуримтлуулсан. Хамгийн гол нь бүтээгдэхүүн эко, чанартай байх хэрэгтэй


-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Бид одоогоор 13 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалтад гаргаж байгаа. Жишээ нь өрөм, аарц, ааруул, шар тос, шар тостой, тосгүй монгол архи, бэлгийн идээний багц 3 янз гэх зэрэг төрлөөр үйлдвэрлэж байна. Шар тостой шимийн архи гэдэг нь дотроо шагайн хэлбэртэй 2-3 ширхэг шар тосыг хийдэг. Энэ шагайн хэлбэртэй шар тосны хэвийг нөхөртэйгээ ярилцаж байгаад гар аргаар өөрсдөө загвар гарган хийсэн. Сүүлд судалж байхад хэв хийдэг зориулалтын олон арга байдаг юм билээ. Энэхүү хэвийн ааруулын ягаан өнгөтэй нь манай говьд ургадаг чонон хармаг байгаа юм. Харин шар өнгөтэй нь мөн говьд тариалсан чацаргана, бүдэг ягаан нь хад, аньс гэх мэт жимснүүд орцонд нь орсон байгаа. Манайх хүнсний будаг, хатаагч, гурил гэх мэт нэмэлт зүйл огт хэрэглэдэггүй. Нэг өрөөндөө сүүгээ хөөрүүлдэг. Өрөм авах хүнд шууд тогоон дээрээс нь аваад өгдөг. Харин сүүгээр нь элгэн таргаа бүрдэг.







-Аймгийн хэмжээнд танайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч байгууллага байна уу?

-Бид Говийн амтыг олонд таниулахаар хичээн ажиллаж байгаа. Хүргэлтээр хүргэдэг газруудаараа хоёр хоногтоо эргээд үлдсэн бүтээгдэхүүн байвал буцаалтаа хийгээд авчихдаг. Гэхдээ манай бүтээгдэхүүн бараг үлддэггүй. Өдөртөө л дууссан байх жишээтэй. Гэтэл саяхан “Нутгийн амт” гээд бүтээгдэхүүн гараад ирсэн. Манайхтай нэр ойролцоо, адил савлагаатай хэрнээ чанар, амт муутай бололтой. Хүмүүс андуурч аваад манайх руу залгаад чихэр нь их байдаг болсон байна, хөгцтэй байна, үнээ яагаад нэмсэн бэ гэх зэрэг гомдол мэдүүлж эхэлсэн. Миний өөрөө зохиож гаргасан идээний дээж багц бүтээгдэхүүн байдаг. Сав баглаа боодлыг нь хүртэл бодож гаргасан юм. Гэтэл яг дуурайгаад хийчихээр андуурал үүсэх нь нэг талаасаа аргагүй юм. Яахав хүний амьдрал хойно адилхан хөдөлмөрлөж болно. Гэхдээ нэг бизнес эхэлж, түүнийг олонд таниулахад маш их хүч, цаг хугацаа, хөдөлмөр, оюун ухааныг зарцуулж байдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс шинээр бизнес эхэлж байгаа залуус маань аль болох судалгаатай, бусдын хийснийг давхцуулахгүй шинийг эрэлхийлж байхыг л хэлэх гээд байгаа юм. Дээрээс нь хэрэглэгчид маань шошго хаяг, хугацаа зэргээ сайн харж авч байх хэрэгтэй.  


-Бүтээгдэхүүнээ ямар үнээр борлуулдаг вэ?

-Манайх 7 хоногтоо нэг бүтээгдэхүүндээ онцгойлон хямдрал зарладаг. Ер нь бэлгийн багц дундаж үнэ 25.000-45.000 төгрөгийн хооронд борлуулдаг. Багцыг иргэд өөрсдөө сонгох боломжтой. Бүх бүтээгдэхүүнээс орж болно.







-Цаашид зорьж байгаа том зорилт юу байна вэ?

-Өөрийн байрандаа нэрийн дэлгүүрээ нээхийг маш их хүсэж байгаа. Одоогоор бид түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн “Говийн амт” брэнд бүтээгдэхүүнээр аймгийн хэрэглэгчдээ бүрэн хангах, цаашлаад Улаанбаатар хот руу нийлүүлэх их хүсэл байна.  

-Ярилцсанд баярлалаа. Танд  амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ