ХОВД: "Оюунлаг ирээдүй" олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдад урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-28 12:04:06

Жаргалант /МОНЦАМЭ/.  Тэртээ  1997 онд  Ховд аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөгчид  нэгдэн  9779 клубийг үүсгэн байгуулж, боловсрол нийгмийн салбарт тодорхой ажлуудыг хийсээр байна.

Ховд  9779  клубээс санаачлан зохион байгуулдаг 1997 оны төгсөгчдийн нэрэмжит "Оюунлаг ирээдүй" сэдэвт математик, монгол хэл, англи хэлний олимпиад 5 дахь удаагаа боллоо.

Хүүхэд, өсвөр үеийнхний эх хэл, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, математик сэтгэлгээг хөгжүүлэх, суралцах үйл явцын нь дэмжих, идэвхжүүлэх зорилготой "Оюунлаг ирээдүй" олимпиадад оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд аймаг, сумаас  ерөнхий боловсролын 18 сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл 287 хүүхэд оролцож мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Тус олимпиадад амжилттай оролцсон 27 сурагч энэ сарын 27-ны өдөр өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авав. Үүний зэрэгцээ шавь нараа бэлтгэн хөгжүүлж, амжилттай оролцсон багш нарт мөнгөн урамшуулал олголоо.  

Ховд аймгийн 1997 оны төгсөгчдийн нэрэмжит олимпиад цаашид жил бүр уламжлалын дагуу өрнөнө. 1997 оны нийт төгсөгчдийн "Ховд 9779" клуб 780 гаруй гишүүнтэй.   

Холбоотой мэдээ