Авто зам, гүүрэн байгууламжийг шинээр барьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-28 13:42:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилд 80 хувиар, гол болон туслах гудамж, зам 19 хувиар нэмэгджээ.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцож байгаа нь одоо байгаа гол болон туслах замын багтаамжаас хоёр дахин их үзүүлэлт юм. ЖАЙКА-гаас 2022 онд хийсэн судалгаагаар, зам хоорондын уялдаа холбоо дутмаг, гол замын холбоос хангалтгүй нь түгжрэлийн гол шалтгааны нэг гэжээ. Иймд авто замын түгжрэлийг багасгахад нөлөө үзүүлэхүйц замуудыг судалж, өнгөрсөн оноос 11 байршилд 17.15 км гол болон туслах гудамж зам, 963.7 урт метр гүүр шинээр барьж байна.


Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин ярихдаа, “Түгжрэлийг багасгаж, авто замын үндсэн сүлжээг хөгжүүлэхээр 22 төсөл, үйл ажиллагааг төлөвлөсний дүнд 25.9 км авто зам барихаар тооцоолсон ч 11 нь төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс өнгөрсөн онд 4 байршилд авто зам ашиглалтад оруулсан. Тодруулбал, Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талаас Б.Шаравын гудамж хүртэлх 0.86 км авто зам, Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл 1.74 км авто зам, Хайгуулчдын гудамж, Хүнсчдийн гудамжийг холбох 1.8 км авто замыг явган хүн, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт барилаа. Энэ онд 7 байршилд зам, замын байгууламжийг үргэлжлүүлж, 12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр барина. Эдгээр нь 2022 онд төлөвлөсөн ажлын үргэлжлэл" гэлээ.


Бүтээн байгуулалт дараах 7 байршилд үргэлжилж байна. Үүнд:

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 урт метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр,

Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 урт метр төмөр бетон гүүр,

Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 урт метр гүүр,

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам,

Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам 

Зайсангийн 225 урт метр төмөр бетон гүүрийг шинэчилж, хос гүүр барьж эхлээд байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ