Банкуудын хөрөнгө эдийн засгийн сэргэлтийг дэмжих хэмжээнд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-28 16:23:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын бараа бүтээгдэхүүний үнийг бусад улс орныхтой харьцуулахад харьцангуй хямд байна. Энэ нөхцөлд Монгол Улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой гэж эдийн засагч Ч.Сосорбарам Монголын Банкны холбооноос хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Тэрбээр, цар тахлын үед банкны хадгаламжийн бодит өгөөж сөрөг байсан. Үүний үр дүнд иргэд хадгаламжаа буцаж татан, койн, үл хөдлөх худалдаж авах зэрэг хөрөнгө оруулалтын бусад хэлбэрийг сонгож байсан. Тэгвэл энэ оноос хадгаламжийн хүү нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд уламжлалт, эрсдэлгүй хөрөнгө оруулалт сонгох төлөвтэй байна гэв.



Гадаад худалдааны тэнцлийг цар тахлын үеийн 2021 онтой харьцуулахад өнгөрсөн онд 60 хувиар нэмэгджээ. Тээвэр ложистикийн хүндрэлээс хамааран 2022 онд буурч байсан экспорт тухайн оны дунд үеэс нэмэгдсэн. Жилийн эцэст экспорт нэмэгдэж, худалдааны тэнцэл ашигтай гарсан. Импортын хэмжээ ч зэрэгцэн өсөж буйг мэдээллээ. Энэ онд уул уурхай сэргэснээр эдийн засаг өсөх боломжтойг танилцууллаа.

Банкууд эдийн засгийн гол салбаруудын сэргэлтийг дэмжих хангалттай өөрийн хөрөнгөтэй байна.

Банкны салбарын үзүүлэлт 2022 оны жилийн эцсийн байдлаар харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 их наяд төгрөг буюу 9 хувиар нэмэгджээ. Тэр дундаа системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт өсөлттэй байсан бөгөөд өнгөрсөн онд системийн нөлөө бүхий хоёр банк IPO (Initial Public Offering) хийсэн.


Төв банк гадаад, дотоод эдийн засгийн нөхцөлд үүсэж буй тодорхой бус байдлаас шалтгаалан өнгөрөгч 2022 онд бодлогын хүүгээ 5 удаа нэмэгдүүлж 13 хувьд хүргээд буй. Ийнхүү бодлогын хүү нэмэгдсэн нь банкны салбарын зээлийн өсөлтийг саарахад нөлөөлөв. Гэхдээ банкны зээл нь эдийн засгийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байсаар байна. “Цаашид ч банкууд эдийн засгийн гол салбаруудын сэргэлтийг дэмжих хангалттай өөрийн хөрөнгөтэй байна” гэж Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар мэдээллээ.



Харилцагчдын дунд банкны салбарын нэр хүнд, банканд итгэх иргэдийн итгэлийг тодорхойлох зорилгоор Банк санхүүгийн академи “Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа"-г хийснийг тус академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэллээ.


Судалгаагаар, манай улсад банкны харилцагчдын сэтгэл ханамжийн түвшин хөгжиж буй бусад улстай ижил түвшинд байна. Харин харилцагч нарт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэгийг тогтмол хүргэх, харилцагчийн санхүүгийн боловсролыг сайжруулах хэрэгцээ их байгааг харуулжээ. 


Холбоотой мэдээ