Их Британийн хаан III Чарльз Герман улсад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-30 09:07:11

БЕРЛИН. /DW/. Их Британийн хаан III Чарльз Герман улсад лхагва гарагт хүрэлцэн ирж, хааны хувиар хилийн чанадад хийж буй анхны айлчлалаа эхлүүллээ.


Их Британийн хаан эхлээд Францад айлчлахаар төлөвлөж байсан боловч Ерөнхийлөгч Эмманюэль Макроны тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн өргөн хүрээг хамарсан жагсаал үргэлжилж байгаатай холбоотойгоор айлчлалaa хойшлуулсан юм.


Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Чарльзад Их Британийн хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойших анхны гадаад айлчлалаа Германд хийж байгаад талархал илэрхийлээд, энэ нь “Герман-Их Британийн харилцаанд чухал дохио” болж байгааг цохон тэмдэглэжээ.


Их Британийн хаан Чарльз, гэргий Камилла нарыг Ф.Штайнмайер, гэргий Эльке Бюденбендерийн хамтаар Берлин хотын Бранденбургийн хаалган дээр цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаагаар угтан авав. Түүний дараа Бельвю ордонд хүндэтгэлийн зоог барьжээ.


Бранденбургийн хаалган дээр Германы олон нийтэд хааны гэр бүлтэй мэндчилэх боломж олдсон бөгөөд тухайн хэсэгт ердөө 1500 үзэгч хүлээн авах боломжтой тул шинэ хаантай уулзахыг хүссэн хүмүүст эрт ирэхийг зөвлөсөн байна. Тийнхүү лхагва гаргийн өглөөнөөс иргэд дурсгалт газарт цуглаж эхэлжээ.


Хоёр улсын төрийн тэргүүн нар тогтвортой байдлын талаар, мөн сэргээгдэх эрчим хүч рүү шилжих асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Байгаль орчныг хамгаалах асуудал нь хааны хамгийн их анхаарал хандуулдаг сэдвүүдийн нэг юм.


Пүрэв гарагт хааны гэр бүл Германы канцлер Олаф Шольц, Берлин хотын дарга Франциска Гиффи нартай уулзана. Чарльз мөн Германы Бундестагт үг хэлсэн Их Британийн анхны засгийн дээд эрхийг баригч болно.


Берлин дэх Их Британийн Элчин сайдын яамны мэдээлснээр, Чарльз Германд хунтайжийн хувиар 40 орчим удаа айлчилж байжээ. Чарльзыг хаан сэнтийд залах ёслол түүний ээж, хатан хаан II Элизабетийг таалал төгссөнөөс хойш найман сарын дараа буюу ирэх тавдугаар сарын 6-ны өдөр болно. 

Холбоотой мэдээ