Чилид шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2023-03-30 11:02:16

САНТЬЯГО. /Reuters/. Чили улсад шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээллээ.


Томуугийн хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч байсан 53 настай эрэгтэйгээс халдвар илэрсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ. Гэхдээ өвчтөний биеийн байдал тогтвортой байгааг онцолсон байна.


Чилид өнгөрсөн оны сүүлээс хойш зэрлэг амьтдад шувууны томуугийн “H5N1” вирус илэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байжээ. Түүнчлэн саяхан фермүүдэд халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар шувууны махны экспортыг түр зогсоосон байна. Аргентинд мөн фермд халдварын тохиолдлууд илрээд байгаа бол дэлхийн шувууны махны хамгийн том экспортлогч Бразилд халдвар илрээгүй байна.


Чилийн эрүүл мэндийн байгууллагууд вирус шувууд, далайн хөхтөн амьтдаас хүнд халдварлаж болзошгүйг анхааруулж байгаа хэдий ч хүнээс хүнд халдварласан тохиолдол огт бүртгэгдэж байгаагүй юм.


Энэ оны эхээр Эквадорт мөн шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж, есөн настай охин халдвар авчээ.


Дэлхийн эрүүл мэндийн салбарынхан хүмүүсийн дунд халдвар дамжих эрсдэл бага гэж мэдэгдэж байгаа ч вакцин үйлдвэрлэгчид “урьдчилан сэргийлэх үүднээс” хүнд зориулсан шувууны томуугийн вакциныг гарган авахаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ