ЗАВХАН: Номын сангийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-30 11:33:18

Улиастай/МОНЦАМЭ/. Их-Уул сумын Соёлын төвийн дэргэдэх номын сан 500 гаруй мянган төгрөгөөр номын фондоо баяжуулжээ.

Номын сангийн фондоо жил бүр баяжуулахыг зорьдог. Өнгөрсөн жил гэхэд Соёлын яамны хөрөнгө оруулалт болох, 500 гаруй мянган төгрөгийн өртгөөр 55 ширхэг хүүхдийн номоор баяжуулсан. Өнөөдрийн байдлаар 6000 гаруй номын фондтой бөгөөд жилд 100-150 орчим номыг хандиваар болон төсвийн хөрөнгөөр цуглуулж фондоо баяжуулж байна.


Тус сум 10 мянга гаруй хүн амтай. Сумын төвийн суурин хүн амаас гадна малчдад явуулын номын сангийн үйлчилгээг жилд хоёр удаа хийж байна. Номын сан нь жилд 2100 гаруй уншигчдад картаар үйлчилгээ үзүүлдэг. Соёлын төвөөс жил бүр ном уншлагын болон номтой холбоотой олон нийтийн үйл ажиллагааг насны онцлогт тохируулан явуулдаг байна.

Харин цар тахлын үед номын үйлчилгээг явуулын болгож, иргэдэд номын сангийн үйлчилгээг тасралтгүй хүргэжээ. Зуны дэлгэр цагт соёлын төвөөс малчид болон иргэдэд соёлын цогц явуулын үйлчилгээг явуулдаг бөгөөд энэ үеэр малчдад картаар болон шинэ номын өргөтгөсөн худалдааг явуулдаг. Явуулын үйлчилгээг аль болох иргэдэд хүртээмжтэй ялангуяа малчдад хүрч очиж үйлчлэхийг зорьдог.


Малчид ихэвчлэн уран зохиолын болон, танин мэдэхүйн номуудыг авч уншдаг. Харин хүүхэд залуучууд шинээр хэвлэгдэн гарсан шинжлэх ухаан, гадаад хэлний номуудыг авч уншдаг. Манай соёлын төвийн нэг гол үйл ажиллагаа нь соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг нээн илрүүлэх бүртгэн баримтжуулах, хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой ажлуудыг сумандаа тогтмол явуулдаг. Өнгөрсөн жил гэхэд, “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар их наадам-2022”-д амжилттай оролцож,  аймагтаа багаараа тэргүүн байрыг эзэлсэн. Мөн соёлын төвийн дэргэд зөв хүүхэд нэртэй бүжгийн дугуйланг тогтмол хичээллүүлж байна гэж Их-Уул сумын Соёлын төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ