АНУ-ын сенатчид Иракт цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн тогтоолыг цуцлахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-30 13:55:04

ВАШИНГТОН. /TASS/. Персийн булан болон Иракт цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн 1991, 2002 онд батлагдсан тогтоолуудыг хүчингүй болгох хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим лхагва гарагт баталжээ. 


Зөвшөөрлийг цуцлахыг 66 сенатч дэмжсэн бол 30 хууль тогтоогч эсэргүүцсэн байна. Одоо энэхүү санаачилгын талаарх санал хураалтыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимд явуулах ёстой. Хууль тогтоох дээд байгууллагын доод танхимын дарга Кевин МакКарти (Калифорни муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн) уг төслийг дэмжиж байгаагаа өмнө нь илэрхийлсэн байна.


Хуулийн төслийг боловсруулсан хууль тогтоогчдын үзэж байгаагаар, Ирак нь одоогоор Ойрхи Дорнод дахь АНУ-ын стратегийн холбоотон бөгөөд тогтоолуудыг хүчингүй болгох нь тус улсыг дэмжиж байгаагийн дохио болно. 


АНУ-ын хууль тогтоогчид Персийн булан болон Иракт цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн тогтоолуудыг цуцлах асуудлыг энэ сард хоёр долоо хоногийн турш хэлэлцжээ. 


Ерөнхийлөгч Жо Байден уг санаачилгыг Конгрессын хоёр танхим дэмжвэл гарын үсэг зурна гэж Цагаан ордон урьд нь мэдээлсэн байна. 


Холбоотой мэдээ