ЗАВХАН: Гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг мэс заслуудыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-30 13:33:18
Улиастай /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Тус аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд энэ өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэвшилттэй ололт амжилт, сайн туршлагуудаа олон нийтэд мэдээлж байна. 

АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг олон улсын өдөр болж өргөжсөн аж.


Дэлхийн эмч нарын өдөр, улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх. Эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.


Завхан аймгийн тухайд, эрүүл мэндийн салбарт 1145 эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна. 1929 оноос өдгөө хүртэл 90 гаруй жилийн хугацаанд алсын дуудлагад морь, тэмээгээр явж байсан үеэс технологийн шинэчлэлт, зайн оношилгооны эрин үе хүртэл дэвшин хөгжиж байна. Энэ түүхэн зам үргэлж дардан байгаагүй. Эрүүл мэндийн албыг үүсгэн байгуулах, бэхжүүлэх, хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих. Орчин цагийн анагаах ухаан техник, технологи нэвтэрсэн эрин үе хүртэлх түүхэн цаг үеийг бид салбарынхаа ажилчдын хичээл зүтгэл, итгэл найдвар, нөр их хөдөлмөрийн үр шимээр амжилттай даван туулсан.


Өнөөдөр аймгийн эрүүл мэндийн салбарын 90 гаруй байгууллагад нийт 1150 хүн ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хүний нөөцийн хангалт 95 хувьтай. Эрүүл мэндийн салбарт нийт 181 их эмч ажиллаж байгаа ба эмч нарын 63.3 хувь нь нарийн мэргэжлийн, 36.7 хувь нь ерөнхий мэргэжлийн эмч байна. Эмчийн хангалт сайн байгаа.


Завхан аймагт нийт 93 эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн анхдагч болон хоёрдогч лавлагаат тусламжийг иргэдэд үзүүлж байна.

Хүүхдэд ээлтэй орон нутаг төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр олон нийтэд түшиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг Хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/-ийн дөрвөн сургагч багш нийт 139 суралцагчдад явуулжээ.

Түүнчлэн хүүхдийн хоол тэжээл, нялх, балчир насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө, сургалтыг 360 хүнд хүргэжээ. Ус, орчны эрүүл мэндийн чиглэлээр 12 сумын иргэдэд мэдээлэл сургалт сурталчилгаа хийсэн байна. Ундны усны эрүүл ахуйн чиглэлээр аймгийн 13 суманд ажиллаж, ундны усны аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээний талаар 1386 иргэнд сурталчилсан байна.

Мөн 10 мянга гаруй сурталчилгааны материалыг тарааж, 924 иргэнийг эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулсны үр дүнд иргэдийн мэдлэгийн түвшин 40 хувиар дээшилсэн.

Завхан аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд эмчилгээ, үйлчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг эрүүл мэндийн салбарт ашиглаж буй нь бодит үр дүнг өгч байгаа.

Тухайлбал Тайванийн Тайпэй эмнэлэгтэй хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, тус эмнэлгээс 83,8 сая төгрөгийн өртөг бүхий гемодиализийн аппараттай болсон.

Ингэснээр аймгийн Нэгдсэн эмнэлэг гемодиализийн тасгийг нээн ажиллуулснаар бөөрний эмгэгтэй иргэд орон нутагтаа эмчлүүлэх боломж бүрдсэн байна. Өнөөдрийн байдлаар есөн иргэн энэхүү аппаратаар байнгын үйлчлүүлж 459 удаагийн сеанс эмчилгээ хийсэн байна.


Мөн судсаар 404, дабле гуурсаар 17, тунел гуурсаар 38 хүнд тусламж үйлчилгээг үзүүлсэн.  

Глобал сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн төслийн буцалтгүй тусламжийн хүрээнд HF120/60 маркийн 184.3 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн дижитал рентген аппараттай болж 230 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ.  

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Францын Action mongolia ТББ-аас хэвлийн хөндийн OLYMPUS дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, Германы CARL ZEISS нүдний болрын мэс заслын иж бүрэн багаж, үзлэгийн таван төрлийн багаж, хагалгаанд хэрэглэгдэх нэг удаагийн хэрэгсэл, эм тариа, болор зэргийг нийлүүлсэн.


Үүнээс хойш аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар орон нутагтаа III шатлалын эмнэлэгт хийгддэг элэгний хавдартай өвчтөнд элэг тайрах, нойр булчирхай задарсан үед нөхөх, ходоод тайрах, гэхчлэн нээлттэй хагалгаануудыг амжилттай хийж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины субдурал болон эпидурал цус хуралтын хагалгаануудыг амжилттай хийхээс гадна дунд чөмөг шилбэний хугарлуудыг аймагтаа хаддаг болсон. 

Тухайлбал эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг өнөөдрийн байдлаар 21 хүнд, цөсний хүүдий авах мэс заслыг шаардлагатай үед тогтмол амжилттай хийж байна. Японы засгийн газрын санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлэгт МТ-610 маркийн 15 сая төгрөгийн өртөгтэй ургийн зүрхний бичлэгийн аппарат нийлүүлэгдсэнээр эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ