ӨВӨРХАНГАЙ: Хархорум хотыг "яст мэлхий"-ээр хамгаалдаг байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-30 13:56:33

Арвайхээр /МОНЦАМЭ/. Эртний нийслэл Хархорум буюу одоогийн Хархорин сумын орчимд дөрвөн яст мэлхийн хөшөөг суурилуулсан байдаг. Яст мэлхий бүтээдгийн учир нь уг чанартаа хүмүүсийн шүтлэг, итгэл бишрэлтэй холбоотой байв. XIII зууны үеийн Хархорум хотыг дотоодын болон гадны халдлагад өртөхгүй, он удаан жил энх амгалан оршин тогтнохыг бэлгэдэж түүний дөрвөн талд лусын амьтан - яст мэлхийг боржин чулуугаар урлан бүтээж байрлуулжээ.



Үерийн ус руу яст мэлхийн амыг харуулж тавихад хошуу нь үерийн усыг хагалж хүчийг нь сулруулдаг гэсэн аман яриа байдаг. Иймээс яст мэлхийг усны аюул үерээс авран хамгаалахын үүднээс байрлуулдаг байж болох юм.

Мөн мэлхий нь газрын сөрөг энергийг сорсноор тус газарт эерэг энерги буй болдог гэх бөгөөд тохиолдож болох гай тотгорыг өөртөө үүрэх, өвчнийг өөртөө авдаг, эзэндээ сайн чанаруудаа харамгүй өгдөг, мөн гадуураа хатуу хуягтай тул гадны халдлага дайралтаас хамгаалах, урт насалдаг учир удаан оршин тогтнохыг бэлгэддэг гэх зэрэг утгуудаар мэлхийнүүдийг байрлуулдаг байжээ.



Дөрвөн мэлхий нь:

- Эрдэнэ зуу хийдийн хойно XIII зууны үеийн Хархорум хотын туурийн урд хэсэгт

- Эрдэнэ зуу хийдийн зүүн тийш 500 м орчимд XIII зууны үеийн Хархорум хотын туурийн зүүн өмнө талд

- Смын төвөөс 1 км зайд “Мэлхийт толгой хэмээх газар

- Сумын төвөөс баруун тийш 20 орчим км, Орхон голын урд эрэг Бага элстэйн баруун талд Их Хүрээний амны зүүн энгэрт анх дутуу дүрслэлтэй байсныг хожим гүйцээн хийсэн чулуун яст мэлхий тус тус байрлаж байна. 



Холбоотой мэдээ