Гаалийн 30 гаруй үйлчилгээг цахимаар олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-30 15:05:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллаас “Цахим гааль” өдөрлөгийг Улаанбаатар хот дахь гаалийн газар зохион байгуулж, 140 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.


Энэ үеэр гаалийн цахим үйлчилгээний гааль.мн систем, гэрээ бүртгэлийн нэгдсэн систем, экспорт, импортын мэдэгдэл гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн зэрэг цахим системийг танилцуулж зөвлөмж мэдээлэл өгчээ. Мөн ГЕГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн газраас зохион байгуулсан экспорт, импортын мэдүүлэг нөхөн бичих, лавлагаа, тодорхойлолт авах, зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг нөхөн бичих сургалтад иргэд идэвхтэй хамрагджээ.


Иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирсэн саналын дийлэнх нь бусад гаалийн газар хороо цахим үйлчилгээндээ илүү анхаарах, цахим бичиг баримт хянаж шалгах албан хаагчийн хуваарилалтыг оновчтой болгох замаар зөвшөөрөгдөх төлөвт шилжих цагийг багасгах, экспорт хийж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн гэрээний үнийг оновчтой тогтоож өгөх зэрэг асуудалд чиглэж байсныг ГЕГ мэдээлэв.


Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шинэчлэл, ил тод, нээлттэй бодлогын хүрээнд Гаалийн ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг шинэчлэн нэвтрүүлээд байгаа. Ингэснээр гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик, барааны ангилал, тарифын мэдээлэл, тусгай зөвшөөрөл зэрэг 30 гаруй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд цахимаар авах боломж бүрдүүлсэн байгаа юм.

Холбоотой мэдээ