ГОВЬ-АЛТАЙ: Чандмань сумын 48 газарт 243 дурсгал бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-03 11:34:43

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Чандмань сумын 48 газарт нийт 243 дурсгал бүртгэгдсэн байна.

Эдгээр дурсгалууд нь чулуун зэвсгийн үеийн булш, хиргисүүр аж. Хиргисүүр 24 газарт 69 байгаа бол олон төрлийн хэлбэр хэмжээтэй хүрлийн үед хамаарах булш 19 газарт 80 бүртгэгджээ.

Түүнчлэн хүрлийн үеийн дурсгалаас гадна чулуун зэвсгийн дурсгал 2, сагсай булш 38, шоргоолжин булш 1, хадны үухаг 6, хөшөө чулуу 6, чулуун байгууламж 21, хүннү булш 11, хуниас бичээс 1, түрэгийн тахилгын байгууламж 3, хадны оршуулга 1, хүрээ хийдийн туурь 3 бүртгэгдсэн тухай ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс танилцуулав.


Үүний сацуу Чандмань сумын нутагт Шаахар толгой, Уртын гол, Эмээлцэгийн гол, Зараа толгой, Ботгоны гол зэрэг гол ус, хадархаг уулсын энгэр бэл, дундах ам, хөндийд орших газруудад хүрлийн үед холбогдох олон тооны булш, хиргисүүр бүхий томоохон дурсгалт газрууд байдаг юм. Тухайлбал, Шаахар толгойн оройн хаданд хадны сүг зураг, түрэгийн үеийн руни бичээс, түүний өвөр бэл, ойр орчимд нь хүрлийн үеийн булш, хиргисүүр, хүннү булш, чулуун зэвсгийн бууц суурин зэрэг түүхийн олон үеийн цогцолбор дурсгал байдаг нь Шаахар толгой орчмын нутагт эртнээс одоог хүртэл хүн амьдрахад тохиромжтой байгалийн тааламжтай нөхцөл бүхий газар орон байсныг илтгэн харуулдаг тухай ч мөн нэмж онцолсон юм. Шаахар толгойн хаднаа түрэгийн үеийн руни бичээс, хадны сүг зураг сийлсэн байхаас гадна ойр орчимд нь хиргисүүр 8, хүрлийн үеийн дугуй булш 4, хиргисүүр хэлбэрийн булш 3, хүннүибулш 11 мөн чулуун зэвсгийн бууц суурин илэрч олдсон байна.

Холбоотой мэдээ