АРХАНГАЙ: Аймгийн хүн амын дундаж наслалт 72.2 болж өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-10 09:25:53

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг сүүлийн арван /2013-2022 он/ жилээр гаргасан байна. Үүнд амьсгалын тогтолцооны, хоол боловсруулах, шээс, бэлгийн тогтолцооны, зүрх судас, осол гэмтэл гэсэн таван шалтгааныг нэрлэжээ.


Харин нас баралтаар авч үзвэл, зүрх судасны өвчнөөр нас барагсад олонх нь буюу хамгийн өндөр хувьтай нь байгаа бол дараагийх нь хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөл дараалжээ.


Хүн амын дундаж наслалт 2012 онд 69.5 байсан бол 2021 оны үзүүлэлтээр 72.2 болж, арван жилйн хугацаанд 2.7 жилээр нэмэгдсэн байна. Энэ арван жилд Монгол Улсын хүн амын дундаж наслалт 2 жилээр, аймгуудынх 2.6 жилээр тус тус нэмэгдсэн байна.


Аймгийн хүн амын дундаж наслалтыг хүйсээр харвал эрэгтэйчүүдийнх 69.6 болж 2012 оныхоос 2.5 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73.8 болж 2.8 жилээс тус тус нэмэгджээ.


Орон даяар эрт илрүүлэг үзлэгийг өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс явуулж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 3000 гаруй иргэнийг хамруулаад байна. Энэхүү үзлэгээр бүртгэгдсэн тэргүүлэх таван өвчлөлийг мөн ЭМГ-аас дурдлаа. Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл 79 хувь, чихний өвчлөл 6.5 хувь, амьсгалын тогтолцооны өвчин 6 хувь, нүдний өвчин 3.7, арьсны өвчин 1.8 хувь байна.


Насанд хүрэгчдийн дунд хоол шингээх эрхтний өвчин 48 хувь, шээс бэлгийн тогтолцооны өвчин 16 хувь, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчнүүд 14 хувь, цусны эргэлтийн тогтолцооны өвчин 10 хувь, БЗХӨ, В, С вирус зэрэг халдварт өвчин 9 хувьд нь илэрчээ.  Эрт илрүүлэг үзлэгээр ходоодны хавдар 5, давсагны хавдар 1,  умайн хүзүүний өмөнгийн урьдал үе 2-ыг тус тус илрүүлэн, эмчилгээнд хамруулсан байна.


Нярай болон 5 хүртэлх хүүхдийн эндэгдэл 2013 оноос хойш тогтмол буурсан үзүүлэлттэй гарчээ.   

Холбоотой мэдээ